БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас 1 тэрбум ам.долларын зээл авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:
1. Зээлийн хүү (жилийн): 2%
2. Зээлийн хугацаа: 20 жил
3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцлийг өөрчлөх талаар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Засгийн газар санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Монгол Улсын Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэл, түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны тавдугаар сарын 4-ний өдрийн 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд энэ оны 5 дугаар сарын 4-нд гарын үсэг зурж байгуулжээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
Б.Туул