Нинбогийн усан боомт Монгол Улсын далайд гарах шинэ гарц болоход бэлэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-09 10:49:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо-Жушан усан боомт Монгол Улсын далайд гарах шинэ гарц болоход дуртайяа бэлэн байгааг Нинбо-Жушан боомт компанийн нарийн бичгийн дарга Жиан Вэй монголын сэтгүүлчдийн баг Нинбо хотод зургадугаар сарын 4-нд айлчлах үеэр онцолсон юм.

Тэрбээр ярихдаа, -Нинбо-Жушан усан боомт нь дэлхийд гуравт, БНХАУ-даа нэгдүгээрт бичигддэг асар хүчин чадалтай. Манай компани Монгол Улсын барааг усан боомтоороо дамжуулаад Зүүн өмнөд Азид гаргах боломжтой. Усан боомт Зүүн өмнөд Азиар дамжаад Америк тивийн хойд, өмнөд хэсэг, Африкт хүрдэг далайн шугам замтай учир Монгол Улсад үйлчлэхэд бэлэн. БНХАУ-ын даргын санаачилсан “Нэг бүс-нэг зам”-ын хамгийн сайн огтлол цэг. Төмөр зам, авто зам, далайн зам заавал усан боомт дээр нийлдэг. Монгол Улс БНХАУ хоёр манай усан боомтоор дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг онцолсон юм.

Нинбо хотын Жушан усан боомтоор 1973 онд нүүрс ачиж эхлээд 1975 оноос далайн тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2008 оноос хувьцаат компани болж, 2010 онд биржид бүртгүүлэн, 2016 оны 11 сард Нинбо болон Жушан хоёр усан боомт ижил төстэй үйл ажиллагаагаа нэгтгэн нэгэн хүчирхэг боомт болж өргөжжээ. Ингэснээр 15 секундэд нэг чингэлэг ачиж, энэ хурдаараа дэлхийд тэргүүлэн, их баялгийг хамтдаа ашиглаж, хоорондоо өрсөлдөхгүй, их ажил үйлсийг бүтээх боломжтой болсон. Энэ боомтод нефть тээвэрлэдэг дэлхийн хамгийн том Тайву нэртэй 71545 тн даацтай, 15 давхар усан онгоц бийгээс гадна гадаадын том том усан онгоцуудыг хүлээн авах хүчин чадалтай, дэлийн зуу гаруй улсын 600 гаруй усан боомттой харилцаатай юм. Өнгөрсөн жил тус боомт 20 сая чингэлэг хүлээн авч ачсанаараа дэлхийд тэргүүлжээ.

Жан Вэй сэтгүүлчдэд тойм мэдээлэл өгөхдөө, -“Нинбо хот бол “Нэг зам-Нэг бүс”-ийн хөгжлийг гэрчилж, олон нийтэд мэдрүүлж буй амьд жишээ” гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жинь Пин Ханжоу хотод болсон G-20 хурал дээр хэлсэн. Нинбо-Жушан нь хятадын гадаад худалдааг хөгжүүлж байгаа 5 том боомтын нэг бөгөөд 19 жижиг боомтоос бүрддэг. 1949 онд БНХАУ анх байгуулагдах үедээ жилд 50 мянган тонн бараа оруулж, гаргах чадвартай байсан. Манай боомт сүүлийн 8 жил дараалан бараа оруулж, гаргах хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа. Өдөрт 2 сая 520 мянган тн бараа тээвэрлэлт хийдэг нь 1970 оны үеийн жилийн хэмжээтэй дүйж байгаа. Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авч дамжуулдаг Бэйлүн боомт бүтээгдэхүүнээ транзитаар Шанхайд хүргэдэг. Өнгөрсөн жил 120 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авч, гаргасан. Энд олон арлыг нийлүүлсэн 5 хэсгээс бүрдсэн 18 км урт гүүр, дэлхийд цөөхөн байдаг, 450 мянган тн нефть хадгалах хүчин чадалтай агуулах бий. Нинбо-Жушан усан боомт нь өөрийн гэсэн онцлогтой, байршлын хувьд давуу талтай. Хуурай газар болон далайтай ойр учир аль ч улстай худалдаа тээврийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Хөх мөрнөөс 204 км зайтай оршдог тул Хөх мөрнөөр тээвэрлэдэг ачаа манай боомтоор дамжин өнгөрдөг. Хурдын зам, хоёр төмөр замаар шууд холбогддог давуу талтайг тайлбарласан юм.

Сэтгүүлчдийн баг Жушаны 19 усан боомтын нэг болох Бэйлүн боомттой танилцлаа. 2000 онд байгуулагдсан тус боомт нэг сая 148 мянган метр кв талбайтай бөгөөд 14 мянган чингэлэг ачсан усан онгоц энэ боомтоор үйлчлүүлэх боломжтой. Энэ усан боомт 35 шугаман замаар сард 220 удаа усан онгоц нааш цааш явдж, өдөрт 50 мянган ширхэг чингэлэг тээвэрлэдэг. Дүүжингээр нэг цагт 642,8 ширхэг чингэлгийг ачиж буулгадаг байна.

Мөн өдөр монголын сэтгүүлчдийн баг батерей үйлдвэрлэлээрээ БНХАУ-даа тэргүүлж, дэлхийд гуравт бичигддэг Чуангсинган, Зонен груптэй танилцлаа. Батерейн үйлдвэр гэхэд байгальд сөрөг нөлөөгүй, хэрэглэсэн зайгаа жирийн хогтой адил хаяж болдог бөгөөд зурагтын удирдлагад хийхэд хэдэн жил хэрэглэх боломжтой гэнэ. Төрөл бүрийн хэмжээтэй зайг сард 150 сая ширхэг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн хоёр урсгалын шугамаа удирддаг ганц хүн ажилладаг тус үйлдвэр нийт 1800 ажилтантай бөгөөд бүтээгдэхүүнийхээ 72 хувийг гадаадын улс оронд экспортолдог байна. Нинбо хотын Шинийг санаачлан бүтээх инновацийн хүрээлэнгээр Монголын сэтгүүлчдийн баг мөн зочилсон. Энд инновацийн гол 18 их сургууль, судалгааны хүрээлэн, 700 гаруй компанийн төлөөлөл, 10 мянга гаруй эрдэмтэн мэргэжилтний амьдрах байр, эмнэлэг, биеийн тамир спортын төв, номын сан, үйлчилгээний газар гэхчлэн бүхнийг цогцоор нь багтааж 1999 онд байгуулжээ. Нимбо хотын Намын хорооноос 2014 онд энэ хүрээлэнг шинэ материалыг санаачлан бүтээх цөм буюу химийн болон цэргийн зэвсэг үйлдвэрлэх судалгаа, программ хангамж, онлайн худалдааны чиглэлээр ажиллаж, жижиг компанийг төлөвшүүлдэг юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн урилгаар “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд тус улсад зочилсон Монголын сэтгүүлчдийн багийн айлчлал Нибо хотын Нинбо-Жушан усан боомтын үйл ажиллагаатай танилцсанаар өндөрлөж, мөн үдэш Нинбо хотын Намын хорооны гишүүн, Сургалт сурталчилгааны хорооны дарга Ваун Яо Вэй сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан юм.



Уулзалтын үеэр тэрбээр ярихдаа, -Манай хот нефть, машин, нүүрсийг шингэн болгох гэх мэт олон хүнд үйлдвэртэй ч сүүлийн үед шинэ материалын инноваци бий болгох, робот хийх талд дэвшилттэй хөгжиж байгаагаас гадна соёлын өөрийн гэсэн онцлогтой. Түүхээс үзвэл Нибо нь торго, ваар шаазан, цайны эхний гараа хот болохоос гадна мянга гаруй жилийн түүхтэй усан боомттой. Боловсролын чанар сайн учир бусад хоттой харьцуулахад академич, эрдэмтдийн тоогоороо ч илүү юм. Саяхан Нибо хотын дарга Улаанбаатар хотод айлчилж, эрүүл мэнд, хотын соёлыг хөгжүүлэх олон салбарт хамтран ажиллахаар болсон. Монголын сэтгүүлчид анх удаа манай хотод сурвалжлага хийх, соёл, нийгмийн хамтын ажиллагааг урагшлуулахад нэг алхам хийж байгаад баяртай байна хэмээсэн юм.

Харин Нимбо хотын байнгын орлогч дарга Сон Юуэхун хэлэхдээ, -Нимбо хотын усан боомтоор бүх дэлхийг холбосон Хятадын усан боомтын зангилаа юм. Үйлдвэрлэлээс 377 тэрбум юанийн орлого олохоос гадна инновацийн хот болох зорилт тавьсан байгаа. Манай хотын иргэд инновацийн 100 гаруй төсөл бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ингэснээр Нимбогийн 9 компани гэхэд БНХАУ-ын топ 500 компанийн тэргүүнд жагсаж байх жишээтэй. Өнгөрсөн онд Нибог Зүүн Азийн соёл иргэншлийн хот гэж өргөмжилсөн. Сүүлийн жилүүдэд усан боомтыг олон улсад эрчимтэй хөгжүүлж, дорно дахины соёл иргэншилт хот болохоор зорьж байгаа. Монгол Улс “Нэг зам-нэг бүс” төслийн зам дагуух хот учир төсөлд хамтран ажиллах, урагшлах санал тавьж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, -Монгол Улс нь “Нэг зам-нэг бүс” төсөлд хамрагдаж байгаагаас гадна уул уурхайн баялаг арвинтай. БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түнш орны хувьд олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Монгол Улс нь уул уурхай, мах махан бүтээгдэхүүн экспортолж, техник хэрэгсэл импортолдог. Нимбо хот нь Монгол Улсын далайд гарах хамгийн сайн гарц байж, Азийн зүүн өмнөд бүс, америк бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх, Монгол Улсаар дамжуулаад транзит ачааг дэлхийд хүргэхэд чухал үүрэгтэй. Эргээд Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн улс орнуудад түгээх боломжтойг Нимбо-Жушан усан боомтын компанийн дэд ерөнхийлөгч Сүн Да Чин хэлсэн юм.

Нинбо хот нь Жэжян мужийн эдийн засгийн хот бөгөөд 7 сая 800 мянган хүн амтай, 10 мянган кв км нутаг дэвсгэртэй. Өнгөрсөн жил Нибо хотын эдийн засгийн өсөлт жилд 1,5 хувиар нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд экспорт, импортын нийт орлого 240 тэрбум юань давсан нь БНХАУ-ын бусад хоттой харьцуулахад наймдугаарт бичигджээ.


Монголын сэтгүүлчдийн багийг ахалж явсан, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид аяллын төгсгөлд ярихдаа, –Хоёр орны хэвлэл мэдээлийн салбарын хамтын ажиллагаа хөгжиж дээшээ явж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөл монголын сэтгүүлчдийн багийг 3 дахь удаагийн аяллаар инновацийн хөгжилтэй танилцсан нь сайн хэрэг. БНХАУ-ын төрийн тэргүүний шинэчлэгч алхмууд хаанаас гардгийг гайхдаг байлаа. Харин эх оронд нь ийм сайхан шинэчлэл инновацыг хотхоны түвшинд цогцоор нь байгуулсныг хараад бахдах сэтгэл төрлөө. БНХАУ-ын эрдэмтдийн гаргаж буй шинэ санаачилга, инновацийн хөгжлийн шийдэл нь зөвхөн Хятад төдийгүй дэлхий дахины хүн төрөлхнтний хөгжилд оруулах асар том хувь нэмэр гэдгийг онцолмоор байна. Бидэнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох өргөн боломж байгаа гэдгийг тэмдэглэсэн юм.
 
Б.Оюундэлгэр
Холбоотой мэдээ