Дорнын их найрагчаа дурсан алдаршуулах үйл ажиллагаа Улиастайд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-08 18:09:55
Завхан /МОНЦАМЭ/.Улиастайд Дорнын их найрагч Их Явуугийн мэндэлсний 88 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Их найрагчаа дурсан алдаршуулах үйл ажиллагааг аймгийн Утга зохиолын нэгдэл, аймгийн ЗДТГ, аймгийн Музей, Б.Явуухулангийн нэрэмжит төв Номын сан, Л.Ванганы нэрэмжит аймгийн Хөгжимт жүжгийн театр өндөр хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэд Монголын сор болсон яруу найрагч, зохиолчид урилгаар оролцож Завханы 88 хүүхэд “...Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.. “хэмээн нэгэн дуугаар уншиж их найрагчийн хөшөөнд цэцэг өргөснөөр үйл ажиллгаа эхэллээ. Үүний дараа яруу найрагч, зохиолчид аймгийн Музейд байрлах Алдартнуудын танхимаар зочилж хутагтуудын танхимаас адис аван Дорнын найрагчийн мөнгөн жүнзнээс авшиг хүртлээ. Түүнчлэн аймгийн театрт зохиолч уншигчдын уулзалт болж хүндэт зочид болох яруу найрагчид өөрсдийн уран бүтээлээс уншигчиддаа уншиж сонордууллаа. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын уран бүтээлийн үүх түүхийн сонин хачин, Монголын утга зохиолын хөгжил, зорилго, амжилт, ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн яруу найрагчдын чуулганы талаарх шинэ мэдээллийг уншигч, үзэгчид сонсов.
Тэргүүн байрын эзэн цул мөнгөөр урласан тэмдэгээр шагнууллаа
Уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр “Оюуны жимс” яруу найргийн наадам боллоо.
Энэхүү наадамд бүтээлээ ирүүлж хоёрдугаар шатанд үлдсэн 37 шилдэг яруу найрагч  шүлгээ дуудаж өрсөлдсөнөөс  МЗЭ-ийн шагналт Болор цомын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш тэргүүлж, дэд байрт Ховд аймгийн яруу найрагч Яруу эгшиглэн наадмын тэргүүн байрын шагналт Б.Жамбалдорж, гутгаар байрт Завхан аймгийн яруу найрагч Э.Сарантуяа, дөрөвдүгээр байрт  Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, Завхан аймгийн яруу найрагч З.Чимэгсүрэн нар тавдугаар байрт тус тус шалгарлаа. Их найрагчийн мэндэлсний 88 жилийн ойг бэлгэдэж Оюуны жимс наадмын тэргүүн байрын шагналын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюушыг 888.888 төгрөг, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн дүр бүхий цул мөнгөөр урлсан тэмдгээр шагналаа.  Цаашид энэхүү мөнгөн тэмдгийг тав  хүртэлх сая төгрөгийн хамт Б.Явуухулангийн нэрэмжит шагнал болгон “Болор цом”-д оролцсон нэг яруу найрагчид олгож байхаар болов.
Яруу найрагчдын бүтээлийг ном болгож хэвлүүлнэ
Дорнын их найрагчийн алдар сууг дурсах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон яруу найрагчид найрагчийн төрсөн бууцанд очиж шүлгэн цацал өргөлөө.
Яруу найрагчид их найрагчийн төрсөн бууцанд хүндэтгэл үзүүлэхээс гадна, найрагчийн төрсөн сумын хүүхэд багачуудын тоглолтыг үзэж шүлэг найргийн дээжээсээ уншиж уул усыг нь баясгалаа. Түүнчлэн Алдархаан сумын Мандаат уулын Ар амны тасархай буюу их найрагчийн төрсөн бууцан дээр нь 30 гаруй яруу найрагч өөрсдийн шүлгийг тэрлэж ус нутгийнханд нь сонордууллаа. Өөрсдийн онгод хийморийг сэргээсэн найрагчдын шүлэг, гэрэл зургаар нь 2019 онд болох их найрагчийн 90 жилийн ойгоор ном бүтээхээр болсныг Завханы Утга зохиолын нэгдлийн дарга МУСГЗ Д.Батсайхан дуулгав. Ийнхүү Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойг Завханчууд ёслол төгөлдөр өнгөрөөлөө.
Хүндэт зочид Завханы хүндэт иргэн боллоо
Их найрагчийн 88 насны тэгш ойн хүндэт зочдоор хүрэлцэн ирж шүлэг найргаа дуудсан хүндэт зочид Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа.
Дорнын найрагчийн мэндэлсний 88 жилийн ойд  МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд”-ийн эзэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Явуухулангийн нэрэмжит анхны наадмын тэргүүн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарь Сүхбаатар, анхны “Хутагтын хишигт” шагналт яруу найрагчид болох Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт, Мило богдын хишигт шагналт, нэрт яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай, МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МЗЭ-ийн шагналт, Ялгуусан гэгээн Нарованчин гэгээний хишигт шагналт яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, Нарованчин гэгээний хишигт шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, ОУ-ын утга зохиолын шагналт, шилдэг бүтээлийн Алтан өд-ийн хошой шагналт, МЗЭ-ийн шагналт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хамбын гэгээн, Арь гэгээний хишигт шагналт яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Мулцангийн Уянсүх, МЗЭ-ийн шагналт, Арь гэгээн Чанарав, Билигт ламын хувилгааны хишигт шагналт яруу найрагч Базарсадын Баттулга, МЗЭ-ийн шагналт, Буурал багшийн хувилгааны хишигт шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Болор цомын хошой дэд байрын шагналт, Жалханз хутагтын хишигт шагналт яруу найрагт Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нарын 14 зохиолч яруу найрагчийг Завхан аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдэгээр  шагналаа.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ