“Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлэг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-08 16:12:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтарч “Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлгийг энэ сарын 02-16-ны өдрүүдэд Дархан сумын бүх багуудад хэсэгчлэн зохион байгуулж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Энэ ажлыг бид өнгөрсөн долоохоногийн Баасан гарагт Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдийг дунд явуулсан бол энэ удаад тус сумын 4, 5, “Өргөө”, “Малчин” багуудад амжилттай зохион байгуулсан. Уг нээлттэй хэлэлцүүлэг нь уламжлалт танхимын орчинд бус харин тухайн багийн нутаг дэвсгэрт иргэддээ хүрч төрийн мэдээ мэдээллийг хүргэж санал хүсэлтийг нь сонсожманай тамгын газрын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож иргэдийн асуултад хариуллаа.
Хэлэлцүүлэг болгоны эхэнд аймгийн “Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн “300 хоногийн ажлын тайлан”-г аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан танилцуулж байна. Уг мөрийн хөтөлбөрт багтсан “Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжүллэх хүрээнд Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16 дугаар багийн нийтийн орон сууцны орцны 65 ширхэг хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30 ш код, дулаалгатай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр. Дархан сумын 13,14,16 дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерын системд шилжүүлэх ажлыг 40 сая төгрөгөөр, Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютер, энгэрийн камер, радио станц, дөрөвдүгээр багт цагдаагийн пост шинээр нээхэд 27 сая төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн юм. Мөн “Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын тавдугаар багт хэрэгжүүлж тус багийн 20-ын 4, 7 дугаар байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Эрүүл Мэндийн газраас нийтийн орон сууцны 2-60 айлын байр хүртэлх явган зам ногоон байгууламжийн ажилд нийт 51 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд гэр хороололд хог ачилтыг сайжруулж халуун усны газар байгуулах, “Малчин” багт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж төв замаар хүнд даацын ачааны машин явуулахгүй байх зэрэг саналуудыг гаргав. Иргэдийн асуултад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд газар дээр нь хариулт өгч тодорхой саналуудыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахаар боллоо.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ