Германы Канцлерын Хятадад хийх албан ёсны айлчлал эхэлжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-29 13:24:55

БЭЭЖИН. /RIA Novosti/. Германы Канцлер Ангела Меркель, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хоёр талын хэлэлцээ эхэлсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Ангела Меркель Хятадад найм дахь удаагаа айлчилж байгаа юм.

Меркелийн айлчлал 10 дугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Каны урьд нь мэдээлснээр, Германы Канцлер мөн тус улсын дарга Си Зиньпинтэй уулзана. Меркель нийслэл Бээжин хотоос гадна, Хятадын Ерөнхий сайдын төрөлх муж болох Аньхойд зочилно.

“Канцлер Меркелийн энэ удаагийн айлчлал найм дахь нь бөгөөд Хятад-Германы харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна” гэж Лу Кан хэлжээ.

Уулзалт, хэлэлцээнүүдийн үеэр талууд хоёр талын эдийн засгийн харилцаа, шинэчлэл болон нээлттэй бодлого явуулж байгаа Хятадын эдийн засгийн байдлыг хэлэлцэнэ гэж Хятадад суугаа Германы Элчин сайд Михаэль Клаусус урьд нь “Global Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна. Хэрэв талууд Сири, Украины байдал зэрэг олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцвэл “үүнд гайхах зүйл байхгүй” гэж тэрбээр хэлжээ. Хятадын тал мөн Европын дүрвэгсдийн асуудлыг хөндөж магадгүйг Германы Элчин сайд үгүйсгэсэнгүй.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ