Хилчдэд 108 агт морь бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-26 21:07:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улсын хил хамгаалалтад аймаг, сумын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, иргэд, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүд, төлөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг хээрийн болон ангийн байрлалд зохион байгууллаа.
Энэ үеэр аймгийн хэмжээнд зохион байгуулж буй хилчдийг унаажуулах зорилготой аянд 2016 онд малчид идэвхитэй оролцож 108 агт морийг хилчдэд өгсөн бөгөөд аян үргэлжилж байгаа гэнэ.  Энэ үеэр аймгийн удирдлагууд, сум орон нутгийн удирдлагуудын дунд хээрийн буудлагын тэмцээнийг зохион байгуулж Ханх сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар түрүүлж, Түнэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Самбалхүндэв дэд байр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр гурав дугаар байранд тус тус шалгарлаа. Мөн  Хилийн 0257 дугаар анги, Хөвсгөл аймгийн Хил хамгаалахад туслах хүчний зөвлөл,  орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны талаар  мэдээлэл өгч, хил хамгаалах байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа холбооны техник хэрэгслийн талаар танилцуулга, Хилчдийн улирлын хувцасны иж бүрдэл, хувцасны хангалт, ашиглалтын талаар болон Хил хамгаалах байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа зэвсэг, галт хэрэгсэлийг танилцуулж байлаа.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ