Швейцарьчууд цөмийн эрчим хүчнээс татгалзахыг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-22 12:23:39
ЖЕНЕВ. /ВВС/. Цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг швейцарьчууд дэмжлээ. Цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг өчигдөр явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 58 гаруй хувь нь дэмжсэн байна.

Швейцарьт ашиглалтын хугацаа нь хэдийн дууссан боловч өнөө хэр нь ажилласаар байгаа таван атомын цахилгаан станц /АЦС/ байдаг аж.  Эдгээр АЦС нь тус улсын хэрэгцээт эрчим хүчний гуравны нэгийг үйлдвэрлэдэг байна.

Цөмийн эрчим хүчнээс татгалзах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэт их мөнгө зарлагадахаас гадна энэ төлөвлөгөө нь байгаль орчныг “эвдэж сүйтгэнэ” гэж тус улсын сөрөг хүчнийхэн анхааруулж байсан юм.

Харин Швейцарийн Ногоон намын дарга Регула Риц ард түмнийхээ хийсэн сонголтыг “түүхэн өөрчлөлтийн агшин” гэж тодорхойллоо.

2011 онд болсон цунамигийн улмаас Японы Фүкүшимагийн АЦС-д осол гарсны дараа Швейцарийн Засгийн газар цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх саналыг анх дэвшүүлж байсан юм.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоох төлөвлөгөө 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх аж.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ