Хуучны орон сууцыг дулаалж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-22 11:26:01
Дундговь/МОНЦАМЭ/ Мандалговь хотын хуучны орон сууцнуудыг дулаалж эхэлсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Мандалговийн хуучны бүх орон сууцыг ээлж дараатай дулаалж засахаар төлөвлөж байгаагийн эхэнд оршин суугчид нь даарч, зутруухан өвөлждөг гэх гомдлыг байнга дагуулдаг 9, 13 дугаар байрыг энэ онд сонгожээ. Орон сууц дулаалахад орон нутгийн хөгжлийн сангаас 177 сая төгрөг зарцуулна.
Анх баригдаж ашиглалтад орсон үеэс хойш засвар хийгээгүй арав гаруй орон сууц Мандалговьд хотод бий. Тэдгээрийн анхных нь 1960 оны эхээр, сүүлийнх нь 1987 онд ашиглалтад орсон байдаг. Орон сууцнуудын гадна фасад хэт хуучирч, хүйтэн жавар сийгдэг болсон нь оршин суугчдын ая тухыг алдагдуулж, зутруухан өвөлжихөд хүргэдэг нэг шалтгаан болдог байна. Орон сууцнуудыг дулаалж, оршин суугчдын ая тухыг хангахдаа гадна фасадыг нэгэн ижил өнгөтэй болгох бөгөөд энэ нь хотын өнгө үзэмжийг засахад ч хувь нэмэр болох юм. Эдгээр орон сууцанд 84 өрх аж төрдөг ажээ.
9, 13 дугаар орон сууцыг дулаалж засварлахаар өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад тусгаж,  иргэд үүнийг хүсэн хүлээж байсан ч тендэр нь оройтсон гэх шалтгаанаар хийгээгүй үлдсэн. Тиймээс энэ онд дахин төлөвлөж, гүйцэтгэгч шалгаруулах тендэрийг эрт зарласнаар “Зандан орд” ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Гүйцэтгэгч компани дулаалга, фасадын засварыг ирэх сарын сүүлчээр дуусгаж хүлээлгэн өгнө.
 
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ