Орон нутгийн замд сүүлийн таван жилд 338 хүн осолдон амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.
Зөөврийн хэмжигч байршуулснаар, 3616 зөрчил илрүүлэн хариуцлага тооцжээ. Сүүлийн 5 жилийн зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд, хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5 хувь нь орон нутагт болжээ. Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан болдог бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1 км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5 хувиар бууруулдаг байна. Иймд жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцсоноор өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Ж.Батсайхан