Өмнөд Солонгосын 19 дэх Ерөнхийлөгч тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-10 12:47:46
СӨҮЛ. /Yonhap/. Авлигатай холбоотой болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианд холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг Үндсэн хуулийн шүүх огцруулсны улмаас хийсэн ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Мүн Жэ Ин тангараг өргөлөө.

Өмнөд Солонгосын 19 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр өнөөдөр үдээс өмнө нийслэл Сөүл хот дахь Үндэсний Ассамблейн ордонд тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “нөхцөл байдал бүрдвэл би Пхеньянд айлчлах болно” гэв.

Өдгөө 64 настай, хүний эрхийн хуульч мэргэжилтэй, либерал үзэлт ноён Мүн өмнөх ерөнхийлөгчийнхөөс өөр буюу Пхеньянтай харилцаа холбоогоо сайжруулах бодлого баримтлах төлөвтэй байна.
 
Мөн тэрбээр авлигын дуулиан шуугианы улмаас хуваагдаж хагаралдсан улс орноо нэгтгэж, эдийн засгаа сайжруулахаа мэдэгдэв.

Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрбээр өөрийгөө “Пак Гын Хэгийн эрин үеийн авлига, улс төрийн дуулиан шуугианаас улс орноо салгаж чадах хүн” гэж тодорхойлохын сацуу “шударга бөгөөд эв нэгдэлтэй улс орныг бий болгоно” гэж амлалаа.
Г.Доржханд



Холбоотой мэдээ