Завханы сургуулиуд эко сургууль хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-07 17:59:01
Завхан /МОНЦАМЭ/. “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой тогтвотой хөгжлийн боловсрол олгох анхан шатны сургалт Улиастайд явагдаж байна.
Энэ хөтөлбөр нь ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой  юм. Хөтөлбөрийн хүрээнд Завханы Сантмаргац, Түдэвтэй сумын сургуулиуд, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Дэвшил сургуулийн баг эхний шатны  хоёр өдрийн танхимын сургалтанд хамрагджээ. Энэхүү сургалт нь дэлхий нийтийн тогтвортой хөгжил, МУ-ын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан ОУ-ын эко сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлалыг сургуулийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд тусгах, “Сургуулийн орчин” сэдвийн хүрээлэн буй орчны үнэлгээний арга зүйд суралцуулах зорилготойгоороо онцлог болов.
Цаашид төслөөс сургалтыг гурван үе шаттай зохион байгуулах ба сургууль тус бүрээс 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна. Тус сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, БОАЖЯам,“Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ хамтран зохион байгуулж байна. Төслийн хүрээнд 11 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн 55 сургуульд “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ