"Токио-2020" хүртэл МҮОХ-ноос сар бүр шилдэг тамирчин шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-05 10:39:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өчигдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд сэтгүүлчдэд танилцуулав.

“МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио-2020” Монгол Улсын олимпийн багийн ахлагчаар сонгогдсон бол Их аварга Хакухо М.Даваажаргал “Олимпийн элч”-ээр томилогдсон. “Токио-2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэнтэй холбоотой бид уг төрлүүдийг олонд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулна. Тэмцээн тавдугаар сарын 20-нд болно. МҮОХ-ноос ирэх олимпийн мөчлөг/цикль/-т тамирчдыг илүү их хүч, ур чадвар, өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүр шилдэг тамирчин шалгаруулахаар боллоо” хэмээн Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган танилцуулсан юм.

Энэ үеэр Уулчдын үндэсний холбооны тэргүүн Г.Жангар:МҮОХ-оос зохион байгуулж байгаа “Авирагч сэтгүүлч-2017” гэсэн спорт авиралтын нээлттэй тэмцээн зохион байгуулах болсон нь “Токио-2020” олимпийн наадамд энэ төрөл албан ёсоор орсонтой холбоотой. Энэ спортыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулах уг тэмцээнд оролцож бэлтгэлээ хангахын тулд сэтгүүлчдэдээ үнэгүй бэлтгэл хийх заалыг гаргаж өгсөн. Тухайлбал, тавдугаар сарын 6, 13, 18-ны өдрүүдэд 16.00-20.00 цаг хүртэл “Ursa” спорт төвд бэлтгэл хийх боломжтой” гэв.

Д.Өлзий
Холбоотой мэдээ