Увс нуур цөнгөө түрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-05-04 17:48:08
 Увс /МОНЦАМЭ/ Өчигдрийн шуурганаар Увс нуур цөнгөө түрж, Монголын хамгийн том нуур мөсөн бүрхүүлээсээ салсан байна. Сүүлийн хоёр өдөр Увс аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаар тун тааламжгүй байсан бол өнөөдрөөс тэнгэр цэлмээд байна.
Нуурын цөн түрсэнтэй холбогдуулан байгалийн энэхүү сайхан үзэгдлийг харах гэсэн машин унаатай хүмүүсийн цувaa өнөөдрөөс нуурын зүг хөдөлж эхэлжээ. Увс нуурын цөн аль талруугаа түрнэ тэр жил тухайн газарт зуншлага сайхан болдог гэж ярьдаг юм. Өнгөрсөн жил Тэс сумын талд нуур цөнгөө түрсэн бол энэ жил аймгийн төв болох Улаангом сумын чиглэлд түржээ. Хоёр, гурван давхар байшингийн дайтай давхарлаж мөсөн уул үүсгэдэг энэхүү сонин үзэгдлийг Увсчууд жил бүр харж, мөсөн уулан дээр байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө очиж зургаа даруулдаг юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нуурын цөн түрсэнийг очиж харахаар явж байгаа хүмүүст хандан хог хаягдлаа ил задгай хаяж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ