УИХ-ын танхимыг нэмэхгүйгээр тогтолцоогоо сайжруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-30 11:44:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын өнөөдрийн уулзалтаар "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах нь” сэдвийг авч хэлэлцлээ.
 
Улсын Их Хурал Өөрөөр хэлбэл, УИХ-ыг “хоёр танхимтай”, эсвэл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай асуудлыг хэлэлцлээ. Түүхэн эх сурвалж үзвэл, 1924, 1940 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” хэмээн заасан байдаг. 1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд УИХ-ыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна. Одоогийн зохицуулалтаар бол  УИХ нь нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байхаар хуульчилсан. 
 
УИХХэлэлцүүлгийн явцад оролцогчид УИХ-ыг “хоёр танхимтай”, эсвэл “хоёр шатлал бүхий танхимтай” болох шаардлага юу болох, давуу ба дутагдалтай талыг тодруулж байв. Судлаач Н.Лүндэндорж, “Хоёр танхимтай парламент дээр Англи улсыг жишээлж болно. Доод танхим нь ард түмнээ төлөөлдөг. Дээд танхим нь элит хэсэг. Энэ хэсэг доод танхимаас орж ирсэн асуудлыг  шүүн тунгаадаг юм. Хоёр шатлалтай парламент гэдэг бол өмнө нь манайд байсан Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн үг юм. Ардын их хурал, Улсын бага хурлын асуудлыг оруулж ирэх болвол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх боломжгүй. Бүр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын хэмжээний асуудалд хүрнэ” гэсэн тайлбар хийсэн. 
Шинжээч О.Мөнхсайханы хувьд “Дээд доод танхимтай больё гэдэг нь нэгдүгээрт төлөөллийг хангах, хоёрдугаарт хуулийн чанарыг сайжруулах, гуравдугаарт уламжлалаас улбаатайгаар яригдаж байгаа гэж ойлгож байна. Энэхүү тогтолцоо нь Холбооны улсад байдаг. Манай улс бол нэгдмэл улс тул зохимжгүй. Тэгээд ч хоёр танхимын тогтолцоотой улсууд нь ихэнхдээ олон сая хүнтэй улсуудад байдаг тогтолцоо” хэмээн хариулсан юм.
 
Монгол УлсАкадемич Ж.Амарсанаа, “Хоёр танхимын систем бол хүн төрөлхтөний олж нээсэн сонгодог тогтолцооны нэг. Гэхдээ манай улсад нэвтрүүлэх боломжгүй. Ер нь нэг хүнээс хоёр толгой илүү байдаг. Хоёр шатлал бүхий танхим бол социалист маягийн орнуудад байдаг тогтолцоо. Өмнө ашиглаж байсан тогтолцоо руугаа эргэж ухрах шаардлага байна уу” хэмээж байв.
 
Одоогийн санал болгож буй  өөрчлөлтөөр бол УИХ нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай нэмэлт  өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Мөн Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилно хэмээн оруулж ирсэн билээ.
 
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах нь” сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн. Тэрбээр санал болгож буй өөрчлөлтийн эерэг ба сөрөг талыг ингэж тодорхойлсон. Үүнд:

Эерэг тал 
 
Тодорхой орон нутаг, хүн ам, нийгмийн цөөнхийн ашиг сонирхлыг зөрчихөөс сэргийлэх. 
Улс төрийн намын нөлөөллийг багасгах, аливаа ашиг сонирхолоос ангид байх, монополь байдлыг тэнцвэржүүлэх. 
Улсын Их Хурлын хууль тогтоох чанар сайжрах. 
Парламентын хяналтын тогтолцоо сайжрах, доод танхимын үйл ажиллагааг хянах, мэргэшүүлэх. 
 
Сөрөг тал 
 
Ардчилсан Үндсэн хуулийн гол зарчим болох төлөөллийн зарчмаас ухрах. 
Хоёр шатлал бүхий парламент нь социалист дэглэмтэй улсад байдаг. 
Улсын Их Хурлын төсөв хэт ихсэх. Тухайлбал, сонгуулийн зардал, гишүүдийн зардал, албан хаагчдын зардал болон Улсын Их Хурлын ажлын албаны бүтэц хэт томрох. 
Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн үйл явц хэт удаашрах, цаг алдах. 
Дээд, доод танхимыг бүрдүүлэх арга, тэдгээрийн хоорондын чиг үүргийн ялгааг сайн гаргахгүй бол давхардал үүсгэх, парламентын төлөөллийн мөн чанар, бүрэн эрхийг алдагдуулна хэмээн үзэж байгааг тайлбарласан. 

Зарим судлаачдын хувьд дээрх хоёр өөрчлөлтөөс илүү одоогийн УИХ-ын нэг танхимтай тогтолцоогоо илүү сайжруулах нь зүйтэй хэмээн үзэж байлаа.
Б.Туул

Холбоотой мэдээ