Нүүдэлчдийн соёлын наадам Улаагчны Хар нуурын эрэгт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-27 11:00:30
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-аас нүүдэлчдийн соёлын наадмыг ирэх 7 дугаар сарын 23-25-нд зохион байгуулах газрыг сонголоо.
Монгол Улсдаа анх удаа зохион байгуулах гэж буй нүүдэлчдийн соёлын наадмыг Завхан аймгийн Засаг даргаар удирдуулсан нийт 18 ажлын хэсэг баг бүрэлдэхүүн томилогдон бэлтгэл ажлыг хийж буй ажээ. Ажлын хэсэг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт аймгийн төвөөс 10 гаруй километрт орших Улаагчны хар нуурын хөвөөнд нүүдэлчдийн наадмыг зохион байгуулахаар сонгоод байна. Улаагчны Хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий. Нуурын гүн нь 48 метр, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш нэртэй арал байдаг. Энэхүү арал нь нүүдлийн шувуудын үүр болдог бөгөөд жилд 13 орчим төрлийн нүүдлийн шувууд тус нуурыг зорьж ирдэг ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ