Монгол Улсад эхийн төрөлт 15 жилийн өмнөхөөс 2 дахин өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-25 22:03:28

Монгол Улс 2000 онд жилд 40 мянган эх төрж байсан бол 2014 онд 81 мянга гаруй эх төрж, төрөлтийн тоо 15 жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн хугацаанд манай улс НҮБХХ-ийн мянганы хөгжлийн зорилтын хүрээнд  эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлсэний үр дүн юм. Энэ онд 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан Монгол Улс эх нярайн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмж сайжирч,  эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад  зургаа дахин бууруулж чаджээ.

Нялхсын эндэгдлийн хувьд ихээхэн ахиц дэвшил гарч, 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 65.4 байсан бол 2014 онд 15.3 болж 4.3 дахин буурсан юм. 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2014 онд 18.4 болж 5.3 дахин буурч Монгол Улс 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ