Цэнхэр савыг аюул дагуулсан хэрэглээ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 14:54:11

ХЭҮК, "Нээлттэй нийгэм" форум хамтран энэ сарын 22-нд "Хүний эрхийн тухай ярилцъя" уламжлалт өглөөний уулзалт арга хэмжээг  "Цэнхэр сав буюу аюул дагуулсан хэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтын зочноор "Заша өвс төв" ТББ оролцож, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн тодорхой заалт хэрэгжихгүй байгаа нь иргэдийн амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд сөргөөр нөлөөлж, хорт хавдрын өвчлөлд тодорхой түлхэц өгч байгаа тухай баримт, судалгаа бүхий мэдээлэл хийжээ. Тус мэдээлэлд, "Манай улс сүүлийн 6 жилийн хугацаанд давхардсан тоогоор 7500 гаруй нэрийн 2.4 сая тонн химийн бодисыг импортоор оруулж ирсэн. Тус химийн бодисын хуванцар савыг зөвхөн аюултай, маш хортой зэрэглэлийн химийн олон нэр төрлийн бодис, ариутгал, халдваргүйтэл, газар тариалангийн болон ахуйн хортон шавьж устгалын, техникийн зориулалттай шингэн бодис зэргийг удаан хугацаагаар хадгалах, холын зайд зөөвөрлөх зорилгоор үйлдвэрлэсэн байдаг бөгөөд даац, чанарыг нь сайжруулах үүднээс хүнд металл, химийн бусад элементийг тус савыг бүтээгч эдэд оруулсан байдаг.

Ашиглалтын явцад химийн бодисын шилжилт явагдаж, саванд нэвт шингэдэг. Тиймээс ашигласан ийм төрлийн савыг олон улсад аюултай хог хаягдалд ангилан, тусгай аргаар устгалд оруулдаг бол манай улсад чөлөөтэй зарж борлуулан, иргэд нь өдөр тутмын ундны усны хэрэглээндээ ашиглаж байгаа нь аюулын харанга дэлдэх шалтгаан болж байна. Энэ нь элэгний болон бусад төрлийн хорт хавдрыг үүсгэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг болоод байгааг төр засгийн холбогдох байгууллагууд анхааралдаа нэн даруй авах шаардлагатай" хэмээн дурдсан байна.

Уг асуудлаар ХЭҮК өнгөрөгч гуравдугаар сард холбогдох байгууллага, албан тушаалтнуудад комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж байсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ