Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 14:04:13

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 27-29-ний өдөр Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлууд тус аймагт үргэлжилж байна.

Иймд аймгийн хэмжээнд энэ сарын 21-нээс “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжээд буй. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоог хангах, түншлэл  хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог. Он гарсаар  эхний 10 сарын байдлаар ой, хээрийн болон ахуйн гал түймрийн  тохиолдол 48 удаа, хүн, мал, амьтны халдварт өвчин, хүчтэй салхи шуурга нийт  12 удаа тохиолдсон.  Мөн газар хөдлөлтийн  4 удаагийн чичирхийлэлт бүртгэгдэж, гол, нуурын усанд  5  хүн,  уул уурхайн ослын  2 удаагийн тохиолдлоор 4 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ