"Хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар” уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-16 19:40:05
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар, аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтарч  40 гаруй залуу эмэгтэйчүүдийг оролцуулсан “Хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар” сэдэвт уулзалтыг зохион байгуулж явуулав.
Төр засгаас баримталж буй хүн амаа өсгөх бодлогын хүрээнд орхигдоод байгаа хэсэг бүлэг иргэд бол залуу эмэгтэйчүүд, тэр дундаа хүүхэдтэй залуу ээжүүд юм. Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал н.Цэвэлмаа: “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой наймдугаар форум”-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулж Дархан хотын залуу эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж гарах арга замыг эрэлхийлэх хүрээнд энэ удаагийн уулзалтыг хийж байна. Тус форум нь манай улсад 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд жилээс жилд хамрах хүрээ өргөжиж ирлээ. Энэ жилийн тухайд аймгийн ГБХЗХГ-тай хамтарч Эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг ТББ-уудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой ” гэв.
Уулзалтаар “Нийгэмд залуу эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн дор тэдний нийгмийн оролцоог хэрхэн хангах, ажиллахын хажуугаар сурч боловсрох бололцоо бий болгох, аймгийн “Эмэгтэйчүүдийн ордон”-д явагддаг төрөл бүрийн сургалтад хамруулах, ялангуяа нөхөн үржихүйн чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах талаар ярилцаж санал солилцсон байна.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ