"Том бөгөөд чухал үйл явдалд бэлэн байх"-ыг гадаадын сэтгүүлчдэд сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-14 00:57:30

ПХЕНЬЯН. /VOA/. Умард Солонгост ирээд байгаа гадаадын сэтгүүлчдэд хандан “том бөгөөд чухал үйл явдал”-д бэлэн байхыг Пхеньян уриалжээ. Гэхдээ тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор бүс нутгийн байдал хурцадсантай  энэ мэдэгдэл шууд холбоогүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Умард Солонгосыг үүсгэн байгуулсан удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг энэ сарын 15-нд тэмдэглэх гэж байгаатай холбоотойгоор Пхеньянд гадаадын 200 орчим сэтгүүлч хүрэлцэн ирээд байгаа юм. Ким Ир Сений мэндэлсэн өдөр бол Умард Солонгосын хамгийн том баяр бөгөөд энэ өдрийг “Нарны өдөр” гэж нэрлэдэг.

Тус улсын албаны хүмүүс яг ямар үйл явдал, хаана, хэзээ болох гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ өмнө нь үүнтэй төстэй мэдэгдэл хийж байсан боловч байдал харьцангуй тайван өнгөрч байжээ.

Тухайлбал, 2016 онд эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал өндөрлөж байгааг тохиолдуулан поп концерт болохын өмнө Умард Солонгосын албаны хүмүүс гадаадын сэтгүүлчдэд хандан дээрхтэй адил мэдэгдэл хийж байсан аж.

Гэхдээ энэ удаад  нөхцөл байдал нэлээд хурцадмал байгаа билээ. АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын бүлэг Солонгосын хойгт байрласантай холбоотойгоор түрэмгий үйлдэл гаргах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд АНУ-д цөмийн цохилт өгнө гэж Пхеньян анхааруулсан байна.

Умард Солонгосын тал гадаадын сэтгүүлчдийг хүлээн авах нь тун ховор бөгөөд удирдагч Ким Жөн Уны оролцож буй аливаа арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдийг маш нарийн шалгадаг ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ