57 настай сансрын нисгэгч эмэгтэй тойрог замд дахин 3 сар ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-04-06 10:04:28

ВАШИНГТОН./VOA/.Дэлхийн хамгийн туршлагатай, ахмад сансрын нисгэгч эмэгтэй дэлхийн тойрог замд гурван сар сунгаж ажиллахаар болжээ.

Сансрын нисгэгч Пегги Уитсон энэ оны 9 дүгээр сар хүртэл Олон улсын сансрын станцад ажиллахаар болсон тухай НАСА мэдээлсэн байна.

57 настай сансрын нисгэгч эмэгтэй өнгөрсөн оны 11 дүгээр сард сансарт ниссэн бөгөөд энэ оны 6 дугаар сард эх дэлхийдээ эргэн ирэхээр төлөвлөж байсан юм. Гэвч НАСА болон Оросын Сансар судлалын агентлаг зөвшилцсөний дүнд  "Союз" хөлгийн бүхээгт Уитсон дахин гурван сар ажиллахаар болжээ. Түүний гурав дахь удаагийн томилолт 10 сар үргэлжилнэ.

Тэтгэвэртээ гарсан ахмад сансрын нисгэгч Скот Келли сансарт нэг жилийн хугацаанд ажиллах явцад авсан судалгааг баяжуулах үүднээс Уитсоны биед гарах өөрчлөлтүүдийг эрдэмтэд сайтар хянаж байгаа юм.

11 дүгээр сард түүнтэй хамт ниссэн хоёр эрэгтэй сансрын нигэгчид болох Францын Томас Пескуэт, Оросын Олег Новицкий нар 6 дугаар сард эх дэлхийдээ эргэн ирэх ажээ.

Уитсонтой адил удаан хугацаагаар сансарт ажилласан эмэгтэй өөр байхгүй бөгөөд тэрбээр задгай сансарт 8 удаа гарснаар өөрийн тогтоосон дээд амжилтыг хэдхэн хоногийн өмнө эвдсэн билээ.

Мөн тэрбээр энэ долоо хоногт хоёр дахь удаагаа сансар судлалын станцын удирдагчийн ажлыг хүлээн авна. Сансарт хамгийн удаан хугацааг өнгөрүүлсэн АНУ-ын сансрын нисгэгчдийн амжилтыг Уитсон 4 дүгээр сарын 24-нд эвдэх юм. 534 өдрийн дээд амжилтыг сансрын нисгэгч Жеффри Уиллиамс тогтоосон байна.

Айова муж улсын нэгэн фермерийн гэрт өсч торнисон биохимич Уитсон 1996 онд сансрын нисгэгч болжээ. Тэрбээр НАСА-гийн ахлах сансрын нисгэгчээр ажилласан цорын ганц эмэгтэй хүн /2009-2012 онд/ юм.

Х.Сарнай 

 

 

Холбоотой мэдээ