Эрдэмтэд хилийн хяналтын байгууллагуудын тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-31 16:44:06

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимээс “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 3-р сарын 30-ны өдөр тус Их сургуульд зохиогдлоо.

Уг хуралд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газар, Хилийн анги, тусгай салбарууд, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Гадаадын иргэн, харьяатын газар, Хилийн сургуулийн тэнхимүүд, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академи, Хил судлал төвийн эрдэмтэн, судлаачид оролцож хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй өнөөгийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Энэ үеэр  ХХЕГ-ын Боомтын аюулгүй байдлын хэлтсийн сургалт хариуцсан офицер, Аюулгүй байдлын докторант , дэд хурандаа Г.Хулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хилийн боомтын аюулгүй байдлыг бусад улс орнуудтай харьцуулбал хаана, ямар түвшинд байгааг, мөн хүний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндлөө. Тэрбээр “Хүний болон хилийн аюулгүй байдал гэдэг нь тус тусдаа асуудал байгаа юм. Манай улсад өнөөдрийг хүртэл Хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагаа явуулах дүрэм, журам гаргаж хэрэгжүүлж ирсэн. Гэвч уг аюулгүй байдлыг хангаж ажилладаг хилийн албан хаагчдын аюулгүй байдал хэрхэн хангагддаг, энэ талаар хуульд хэрхэн тусгагдсан зэргийг судалсан. Энэ талаар тодорхой хэмжээний заалтууд байдаггүй нь харамсалтай. Харин Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хүний буюу хилчний аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хангах, ямар нэгэн онцгой байдал үүссэн үед зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх тухай заалтуудыг оруулж өгсөн нь цаг үеэ олсон” гэдгийг онцоллоо.

 Хууль сахиулахын их сургуулиас дөрөв дэх жилдээ зохион явуулж байгаа “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачдын гаргасан санал санаачилгыг тус сургуулийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимийн багш, албан хаагчид зөвлөмж болгон нэгтгэхээр болоод байна. Энэхүү зөвлөмж нь  Монгол Улс дахь боомтуудын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө хэмээн ХСИС-ийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, хил судлалын ухааны докторант, хурандаа Д.Баярсайхан хэллээ.

Ж.Батсайхан

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ