Оффшорын эсрэг хөдөлгөөнд нэгдсэн олны жагсаал Сүхбаатарын талбайд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-03-31 15:22:27

Ард түмний онц зөвлөлөөс /АТОЗ/ “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг байгуулж төр засагт хандан хэд хэдэн удаа мэдээлэл, мэдэгдэл гаргаад байгаа. Тус хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулав.

Ард түмний онц зөвлөлийг үүсгэн байгуулагч, жагсаалын ерөнхий зохицуулагч, Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун цуглааныг нээж үг хэлэв. Тэрбээр, Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн та бүхнийг Монголынхоо хувь заяаны төлөө, энэ цаг үеийг зөв дэнсэлж, зөв үнэлж, үүнээс цааш хүлээх хугацаа байхгүй гэдгийг ойлгож ирсэн шилдэг иргэд хэмээн үзэж байна. Бид оффшор данстай улстөрчдийг шалгуулахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбайд ажиллах болно. Төр засгаа итгэлийн нүдээр харахыг хүсч байна. Та бүхнийг Төрийн ордон руу чулуу бариад дайр гэж уриалахгүй. Тэгвэл бид ялагдана. Үр хүүхэд хойч ирээдүйдээ бид  үнэнч шударга зөв бүхнийг өвлүүлэх учиртай. Хэрвээ энэ цаг үеийг алдах юм бол бид баялгийн хараал гэж олон жил ярьсан Африктай адил болно. Энд ямар нэгэн албан тушаалд очих гэсэн санаархал байхгүй. Шударга хуультай, маргаашдаа итгэлтэй ард түмэн болохын төлөө Сүхбаатарын талбайдаа цуглаж байна" гэлээ.

Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд Оффшорын эсрэг нэгдсэн төв, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний эрхийн холбоо,“Тусгаар тогтнол, аюулгүй байдал” ТББ, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ, Гал Үндэстэн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо, Гамшгийн эсрэг үндэсний төв, “Монгол хүн монгол хүндээ туслая” ТББ, Монголын их хөгжлийн холбоо, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв, Босоо хөх Монгол хөдөлгөөн зэрэг олон байгууллага, иргэд нэгдээд байна.

Мөн сүүлийн үед байгуулагдсан Нийслэлийн ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Хагас нүцгэн жагсаал хийж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл ч иржээ.

Цуглаанд оролцогчид Монголын Залуучууд яагаад энэ цуглаанд оролцохгүй байна, хаана байна тэр оюутан залуус. Энд дийлэнх нь хөгшчүүд байна хэмээн индрээс хэлсний дараахан МЗХ-ны төлөөлөл тугаа барьсаар ирэв.

Улстөрийн намуудаас МАХН-ын дарга Н.Энхбаяр, Тусгаар тогтнол Эв нэгдлийн намын дарга Г.Уянга нар байв. Ардын уран зохиолч Т.Галсан,  МУСГЗ, яруу найрагч Ай. Төмөр-Очир, Налайх дүүргийн иргэн Н.Батсайхан гэх мэт олон хүн нэгдэж буйгаа илэрхийлж үг хэлэв.

Ард түмний онц зөвлөлийг үүсгэн байгуулагч, жагсаалын ерөнхий зохицуулагч, Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун "Бид өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн иргэдээс  оффшорын талаар онцолж санал авсан. Энэ оффшор бол өнгөрсөн 27 жилийн чимээгүй хулгай юм. Монгол Улсын хуулийг өөрсдөдөө тааруулж гаргадаг, хулгай нь чимээгүй явдаг. Өнөөдөр Монгол Улс 24 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс бүтээн байгуулалтын долоон тэрбумыг хасья. Үлдсэн энэ мөнгө хаачсан бэ гэвэл бүгд оффшор данс руу явсан. Монголын төр шударга шийдвэр гаргах  юм бол чимээгүй хулгайгаар  олж нуусан  мөнгө гарч ирнэ. Хяналт шалгалт, мөрдөн байцаалт эцэстээ шүүхээр ороход хуулийн алдаануудыг илрүүлж чадна. Үндсэн хууль, эрүүгийн хууль, намуудын хуулийн алдаанууд чимээгүй хулгай хийх боломжийг гаргаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хуулийн зүйл анги,  заалтын алдаануудыг ч засах хэрэгтэй байна. Оффшорыг эхлээд шалгаж,  үндэс суурийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүний дараа оффшорын хуулийн өргөн барих ёстой. Ард түмэн маань хавар сайтар нэгдэж, оффшорчдыг  шалгуулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Сүхбаатарын талбайд болсон жагсаал 16 цаг хүртэл үргэлжилж, жагсагчид Төрийн ордныг гороолсноор цуглаан өндөрлөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ