Бусдыгаа манлайлсан 11 эмч “Алтан чагнуур”-ын эзэн болов
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дээд шагнал "Алтан чагнуур"-ын эздийг долоо дахь жилдээ тодрууллаа.
2017 оны "Алтан чагнуур” шагналд 60 гаруй эмч нэр дэвшиж 10000 орчим эмчээс мэргэжил ур чадвар, санаачилга, бүтээлээрээ цойлон шалгарч шинээр 11 эмч шалгарав.
Дотор судлалын төрлөөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Оюундэлгэр, Эмнэл зүйн лаборатори судлалаар ЦССҮТ-ийн чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторийн их эмч Т.Алимаа, Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн зөвлөх Поликлиникийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлалаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавжан, Сумын эрүүл мэнд төрөлд Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч, мэс заслын их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч Г.Сахъяабазар, Сэтгэц, мэдрэл судлалд “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн Насанд хүрэгсдийн өвчин судлалын төвийн их эмч Ш.Дэлгэрмаа, Хүүхдийн өвчин судлалаар Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, их эмч Л.Тунгалаг, Гэмтэл, мэс засал судлалд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Агаажигмэд, Сүрьеэ, халдварт өвчин судлалаар ХӨСҮТ-ийн Шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Улаан, Дүрс оношилгоо судлалаар Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч Б.Уранцэцэг, Нүүр ам судлалаар Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын их эмч, Нүүр амны согог заслын багш Л.Өнөржаргал нар тус тус шалгарав.
Энэхүү арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, хамтран зохион байгуулагчаар ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоод ажилласан юм.
Ж.Болор