Тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулахыг Шотландын парламент дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-29 11:22:12

ЛОНДОН. /BBC/. Шотландын тусгаар тогтнолын асуудлаар шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламент дэмжлээ. Ийм санал асуулга явуулахын тулд тус улсын Ерөнхий сайд Никола Стержен ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм.  

Депутатууд санал асуулгыг 2018 оны намраас 2019 оны хаврын хугацаанд явуулахыг зөвшөөрчээ. Шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламентын 69 гишүүн дэмжсэн бол 59 хүн эсэргүүцсэн байна. 

Шотландын иргэд Британийн Европын Холбоон дахь гишүүнчлэлийн асуудлаарх санал асуулгын дүнтэй санал нийлэхгүй байгаа юм. 2016 оны 6 сард явуулсан санал асуулгаар шотландчуудын ихэнх нь буюу 60 хувь нь Британи улсыг Европын Холбооны гишүүн хэвээр байлгахын төлөө саналаа өгчээ.

Хуульд зааснаар бол, Их Британийн Засгийн газарт санал асуулга явуулах тухай хүсэлт гаргахаасаа өмнө Ерөнхий сайд Н.Стержен Шотландын парламентаас зөвшөөрөл авах ёстой аж. Харин Их Британийн Засгийн газар Шотландад шинээр санал асуулга явуулахыг “Брексит”-тэй холбоотой үйл ажиллагаа дуустал хориглоно гэж өмнө нь мэдэгдсэн юм.

2014 оны 9 дүгээр сард Шотландад Британиас салан, тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулж байсан юм. Тусгаар тогтнох талынхан тухайн үед ялагдсан бөгөөд шотландчуудын 55,3 хувь нь Шотландыг Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гаргахын эсрэг санал өгсөн байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ