Наймаа эрхлэгчид ажилгүй, орлогогүй болоход ойрхон байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-28 20:04:30

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хилийн наймаа эрхэлдэг иргэдийн амьжиргаагаа залгуулдаг  авто тээврийн хэрэгсэл болох “Истана” машиныг саяхнаас пүүлэхээр болжээ. Аймгийн Гаалийн газраас гаргасан энэ шийдвэрийг тэд эсэргүүцэж, аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Дорнод аймгийн төвд хувиараа бизнес эрхлэгчид  дээрх шийдвэрийг амьдралд нийцэхгүй гэж үзэж байгаа учир өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний ярьж байгаагаар Гаалийн газрын уг шийдвэр хэрэгжсэнээр нэг машинд 800 мянгаас дээш төгрөгийн татвар ногдуулахаар болж байгаа гэнэ. Энэ хүндрэлээс болж 148 иргэний эрх зөрчигдөж, амьжиргаа зогсоход хүрч байгаа болохоор тэд мэргэжлийн өмгөөлөгч авчээ.

Өмгөөлөгч Ц.Эрдэнэбат иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулахаар гадаад улсын холбогдох байгууллагуудтай хэлцэл хийж байгаа нь төрийн бодлого биш гэж үзэж байгаагаа хурлын үеэр хэлж байлаа.

Хилийн наймаа эрхлэгчдийн хувьд дээд тал нь 20 жил эрхэлж байгаагийн дийлэнх нь 35-50 насны эмэгтэйчүүд байдаг юм байна.

                                                                                                                                Б.Туяа

Холбоотой мэдээ