Суманд 3 жил ажилласан залуу эмчийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-28 16:54:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Тэд өнгөрсөн нэгдүгээр сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.

Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй  Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгажээ.

Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан залуу эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг зүйл заалтыг тусгасан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ