Сонгон шалгаруулалтыг шинэчилсэн журмаар явуулна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-27 20:42:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсөв, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөтөлбөр, төсөл арга хэмжээг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэж батлав.

“Энэ нь цоо шинэ журам биш өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан журамд нэмэлт тодотгол хийж өргөжүүлсэн” гэж аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Батсүх танилцууллаа. Уг журмаар хөрөнгө оруулалтын нийт зардлын 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд, зүйлс, 30 хүртлэх хувь нь биет бус байхаар тусгагдсаны гадна тухайн үйл ажиллагааг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн дадлага туршлагатай олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна гэлээ.

Аймаг, орон нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлыг бууруулах хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдож гарах харилцааг зохицуулсан журмын төсөлтэй аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд танилцаж баталсан нь энэ юм.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ