“Энх мэндийн харваа-2017” шагайн харваа тэмцээн зохион байгуулагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-22 18:00:09
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Энх мэндийн харваа-2017” шагайн тэмцээн энэ сарын 18-нд Төв аймгийн Спорт цогцолборт амжилттай болж өндөрлөжээ.

Монголчуудын өв соёлын шавхагдашгүй нандин өвийн нэг нь шагайн харваа юм. Шагайн харваа нь сүүлийн жилүүдэд эрчимтэй түгэн дэлгэрч хөгжих болсон төдийгүй Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөлд зүй ёсоор тооцогддог. Шагайн харваан тэмцээн уламжлал болгон зохиогддог бөгөөд хавартай золгосны энх мэндийн баярыг угтаж энэ удаагийн тэмцээн зохион байгуулагдсан гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн дурдсан юм. Шагайн харвааны зорилго нь харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх явдал гэдгийг тэрээр онцолсон юм.

Тэмцээнд 50 багийн 420 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Шилдэг харваачаар АПУ ХХК-ийн харваач Монгол Улсын үлэмж дархан мэргэн Н.Энхтөр шалгарч тусгай шагналаар шагнуулсан юм. Тэмцээний гуравдугаар байрыг Төв аймгийн гарамгай мэргэн С.Пүрэвжаргал ахлагчтай Улаанбаатар хотын баг эзэлсэн бол дэд байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг эзлэв. Тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай АПУ ХХК-ын баг эзэлж шилдгээр шалгарчээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ