Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт шийдвэрлэгдээгүй нь ажлыг хүндрүүлж байна гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-21 16:26:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат сонгогч олноо төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүний хувьд бүхий л асуудлыг анхааралдаа авч, алдаатай гаргасан буруу шийдвэрүүдийн талаар эрх баригчдад уламжлана гэж тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэрээ амаллаа.

УИХ-ын намрын чуулганы хуралдаан завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-ноос эхлэн өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж тойргийнхоо иргэд сонгогчидтойгоо уулзан УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулан санал бодлыг нь сонслоо. Тус сумдын иргэдийн зүгээс тухайлбал Түшигчүүд малчдын хэрэгцээг хангах жижиг тэжээлийн үйлдвэр барих, түүнчлэн Цагааннуур суманд арьс шир, ноос, ноолуур угаах үйлдвэр байгуулах саналтай байгаагаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай уулзах уулзалтын үеэрээ илэрхийлсэн байна.

Зүүнбүрэн сумын хувьд энэ жил өвөлжилт маш хүнд байсан. Нийт өрхийн 80 гаруй хувь нь өвөлжилт хүнд, хамгийн дээд тал нь 400 гаруй толгой мал хорогдоод байгаа учраас энэ асуудлыг анхааралдаа авах хүслээ. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх шаардлагатай байгааг ч иргэд уламжилж байв. Мөн иргэдээс  зарим бодлого ялангуяа нийгмийн асуудлыг тойрсон шийдвэрүүд сэтгэлд хүрэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал амьжиргааны түвшинг маш дээгүүр тогтоож байна. Тэтгэврийн насыг нэмлээ. Түүнчлэн насны хишгийг тэтгэврийн насны хөгшдөд ялгавартай тогтоон олгож байгаа нь буруу хэмээн ярьж байлаа. Мөн хүүхдийн мөнгийг олгохдоо шалгуурыг өндөрсгөсөн нь иргэдээ ялгаварласан шийдвэр боллоо. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн санхүүжилт өмнөх оноос хойш шийдвэрлэгдэхгүй байгаа нь ажлыг хүндрүүлж байна гэх мэт шүүмжлэлийг иргэдээс тавьж байлаа. Өнөөдөр тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ