Дархан хот Канад улсын Рэжайна хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-17 00:18:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга С.Насанбат тус аймагт айлчилж байгаа Канад Улсаас Монгол Улсад  суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Худалдааны хэлтсийн дарга Дуглас Р Бингеманыг хүлээн авч уулзалт хийж харилцан санал солилцлоо.

Засаг дарга С.Насанбат аймаг орон нутгаа танилцуулж Дархан-Уул аймаг Канад улсын Саскачуан мужийн Рэжайна хоттой эртнээс эгч дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэнийгээ цаашид улам бүр өргөжүүлж хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг элчин зөвлөх санал нэгтэй байгаагаа хэлж дэмжиж байна гэлээ.

Элчин зөвлөх Дуглас Р.Бингеман өөрийн улсаа танилцуулж боловсролын салбар нь өндөр хөгжсөн учраас төгссөн боловсон хүчнүүд нь дэлхийн аль ч улс оронд ажиллах чадвартай  болж төгсдөг учир Дархан-Уул аймгаас Канад улсад суралцах хүсэлтэй оюутан залуучуудад туслах боломжтой гэлээ. Түүнчлэн олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канадын орон нутгийн сан”-тай холбоо тогтоохыг хүсвэл зуучлахад бэлэн гээд үүнд төрийн бус байгууллагууд холбогдох боломжтой. Өмнө нь Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбар 2014-2015 онд төсөл бичин шалгарч санхүүжилт авч ажиллаж байсныг дурдлаа.

Мөн аймгийн Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дарга С.Мэндхүү танхимынхаа талаар болон гадаад худалдааны чиглэлээр явуулж байгаа ажлынхаа талаар танилцуулж Канад Улсын худалдааны байгууллагуудтай түншлэлийн холбоо тогтооход зуучилж  өгөхийг хүслээ. Мөн сарын дараа Дархан хотод тус танхимаас зохион байгуулж явуулах бизнес эрхлэгчдийн томоохон уулзалт зөвлөгөөнд ирж оролцохыг урьсанд элчин зөвлөх баяртайгаар хүлээн авч ирж оролцохоо мэдэгдлээ.

Канад Улс нь 9 сая 200 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 35 сая хүн амтай, хүчирхэг гүрнүүдтэй хил залгаа оршдог боловсролын салбар нь дэлхий нийтэд жишиг болсон орон юм. Тус улсад боловсрол эзэмших Монгол иргэдийн тоо эрс өсч байгааг Элчин сайдын зөвлөх онцлоод тус аймагт хийж байгаа айлчлалынхаа үер аймгийн Засаг даргатай санал солилцож цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлж Дархан хотын зарим их дээд сургуулиадаар орж аймгийн ХАҮТ-ын ажилтай танилцаж боловсрол, худалдааны чиглэлээр хамтарч ажиллах боломжийг бий болгох зорилготой ирснээ ярилаа. Элчин зөвлөх тус аймагт хоёр хоног айлчилна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ