“Булганхангайн хурд-2017” хаврын бүсийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-12 20:22:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 2016 онд шинээр аймгийн алдарт уяач цол хүртсэн уяачдын нэрэмжит “Булганхангайн хурд-2017” хаврын бүсийн уралдаан Булган суманд боллоо.

Цас ихтэй байсан ч зам гарган дээд 3 насны морьд болон эрлийз морьдын уралдааныг зохион байгуулав. Нийтдээ 190-ээд хурдан хүлэг шандас сорьсноос азарганы уралдаанд Булган аймгийн Орхон сумын Аймгийн алдарт уяач Б.Амгаланбаатарын хүрэн түрүүлж, мөн сумын Аймгийн алдарт уяач Б.Батсайханы салхин саарал аман хүзүүнд давхиж, Бугат сумын уяач Ц.Алтансүхийн халтар, мөн сумын Аймгийн алдарт уяач Д.Отгонбулганы буган хээр, Орхон сумын уяач Р.Дэлгэрийн бор азарга айрагдлаа.

Их насны хурдан хүлгүүдээс Төв аймгийн Заамар сумын уяач н.Ганзоригийн сартай хүрэн магнайлж, мөн сумын н.Түмэн-Өлзийн элбэг хээр аман хүзүүнд хурдалж, Булган аймгийн Булган сумын алдарт уяач Х.Хаш-Эрдэнийн хонгор, Хишиг-Өндөр сумын алдарт уяач М.Мөнхбатын хул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн цоохор айргийн тавд давхилаа.

Дөч гаруй хурдан соёолон мордсноос Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Л.Мөнхбатын хүрэн түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач А.Энхтөрийн хонгор аман хүзүүнд давхиж, мөн сумын уяач н.Ган-Эрдэнийн хүрэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын уяач С.Сумьяадэлгэрийн сартай хүрэн, Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Батдэмбэрэлийн хар айрагдлаа. Хурдан соёолонгийн уралдаанд аман хүзүү, айргийн гуравт хурдалж байсан хулгүүд барианд оролгүй хургаж аз дутах шиг боллоо.

Эрлийз морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Ууганбаярын хариун түрүүлж, Хутаг-Өндөр сумын Аймгийн алдарт уяач н.Энэбишийн хээр аман хүзүүнд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Алтангэрэлийн хээр, Булган аймгийн Баяннуур сумын Аймгийн алдарт уяач З.Насанбуянгийн хээр, Орхон сумын уяач Насанжаргалын хээр морь айргийн тавд давхилаа.

Хахир хаврын морины уралдаанд сул морь ирэлгүй мэнд наадлаа.

“Булганхангай” морин спорт уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр уяачидтай уулзаж хурдан морины уралдааны 2017 оны хуваарь, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулж, санал бодлыг сонслоо.

М.Батжаргал

Холбоотой мэдээ