Туркийн компаниуд гадаад худалдаа хийхдээ үндэсний мөнгөн тэмдэгтээ ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-10 14:49:31

АНКАРА. /Prensa Latina/. Турк улсын Засгийн газар тус улсын компаниудад хандан чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудтай худалдаа хийхдээ үндэсний мөнгөн тэмдэгт болох лира-г ашиглахыг шаардах болно гэдгийг тус улсын Сангийн сайд Нихат Зейбекси өчигдөр мэдэгдлээ.

Хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхлэх энэ шийдвэр нь Туркийн лирагийн ханшийг чангаруулах зорилготой бөгөөд гадаад руу хийх гүйлгээнд шаардагддаг долларын эрэлтийг зургаан тэрбум орчим ам.доллараар багасгах аж.

“20 тэрбум гаруй ам.долларын экспорт хийгддэг чөлөөт худалдааны бүсүүдэд гүйлгээнд лираг ашиглах албан шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэх болно “ гэж Сангийн сайд мэдэгджээ.

Турк улс нь хэдэн сарын хугацааанд бусад улс орнуудтай үндэсний валютаар 25 тэрбум ам.доллараар хэмжигдэх хэмжээний худалдаа хийсэн байна. Тус улсын Засгийн газар энэ тоог 70 тэрбум ам.долларт хүргэн өсгөх зорилт тавиад байгаа бөгөөд ингэснээр гадаад худалдааны алдагдлыг нөхөх боломжтой болох юм.

Сангийн сайд цааш нь хэлэхдээ “Ирантай хийсэн таатай нөхцлөөр худалдаа хийх тухай гэрээний үр дүнд хоёр улсын худалдаа жилд 30 хувиар өсч байна” гэж мэдэгдээд гэрээнд тусгагдсан 265 нэр төрлийн бүтээгдэхүүний тоог 400 хүртэл нэмэгдүүлэх талаар ярилцаж байгааг онцоллоо.

Тэрбээр мөн Турк улс Пакистантай чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна Иран, Азербайжан, Саудын Арави болон Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудтай тухайн орны валютаар худалдаа хийх зорилготой байгааг мэдэгдлээ.

Б.Мишээл




 

Холбоотой мэдээ