“Apple” компани дэлхийн зах зээлийн ашгийн 79 хувийг хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-03-09 11:40:56

НЬЮ-ЙОРК./Yonhap/. “Strategy Analytics” байгууллагын хамгийн сүүлд явуулсан судалгаагаар  “Apple” компани ухаалаг гар утасны олон улсын зах зээлийн ашгийн 79,2 хувийг хүртэж байна.

Өнгөрсөн онд дэлхийн ухаалаг утасны үйлдвэрлэлийн салбар нийтдээ 53,7 тэрбум долларын ашиг олсноос 44,9 тэрбум долларын ашиг нь “Apple” компанид ногджээ.

“Apple” компанийн үйл ажиллагааны ашиг нь өнгөрсөн онд нийт ашгийн 32,4 хувийг нь эзэлж байв. Харин “Samsung Electronics” компанийн ашиг 8,3 тэрбум доллар болсон нь дэлхийн зах зээлийн ашгийн 14,6 хувийг эзэлж байна. 2015 онд тус компанийн ухаалаг гар утасны борлуулалтын орлого 75,2 тэрбумаас 71,6 тэрбум доллар болж буурсан байна. “Galaxy Note 7” ухаалаг гар утастай холбоотой асуудлаас үүдэн тус компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш   буурсаар байгаа юм.

Хэдийгээр Хятадад үйлдвэрлэсэн хямд ухаалаг гар утасны дэлхийн зах зээлд эзлэх хувь өсч байгаа боловч олох ашиг нь бага хэвээрээ байна. Өнгөрсөн онд ухаалаг гар  утас үйлдвэрлэгч “Huawei” компанийн үйл ажиллагааны ашиг 929 сая доллар байсан нь дэлхийн зах зээлийн ашгийн 1,6 хувь болж байна. 

Эдгээр компаниудаас гадна “Vivo” компани дэлхийн зах зээлийн ашгийн 1,3 хувийг хүртэж байгаа бол “OPPO” компани 1,5 хувийг эзэлж байна. 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ