Нойрны хэм алдагдах нь таргалалттай холбоотой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-03-08 14:17:41

ЛОНДОН. /BBC/. Хэт их эсвэл хэт бага унтах нь илүүдэл жинтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Шотландын Глазгогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага унтах нь генетикийн хувьд таргалах төлөвтэй хүмүүсийн жин нэмэх эрсдлийг ихэсгэдгийг тогтоожээ.

Үүний сацуу, генетикийн хувьд таргалах магадлал багатай хүмүүсийн унтах хугацаа болон биеийн жингийн хооронд шууд хамаарал байхгүй болохыг мөн тогтоосон байна. Судлаачид хоногт 7-гоос бага цаг буюу хэт бага унтдаг болон 9-өөс их цаг буюу хэт их унтдаг хүмүүсийг судалгаанд хамруулсан байна.

Үр дүнд нь тэд таргалах төлөвтэй хүмүүс хувьд хэт их эсвэл бага унтах нь хоногт хэвийн хугацаагаар буюу 7-9 цаг унтсанаас илүүгээр жин нэмэх эрсдлийг ихэсдэг болохыг тогтоосон байна. Генетикийн хувьд таргалах эрсдэл ихтэй боловч хэвийн хугацаагаар унтдаг хүмүүстэй харьцуулахад хэт их унтдаг хүмүүс нь тэднээс 4 кг-аар, хэт бага унтдаг хүмүүс 2 кг-аар илүү жинтэй байжээ. 

Зүрх судасны хүрээлэнгийн доктор Жейсон Жилл ярихдаа “энэхүү судалгааны дүнгээс харахад, таргалах төлөвтэй хүмүүсийн хувьд хэт их эсвэл бага унтах, өдрийн цагаар болон ээлжийн ажлын дундуур дуг хийх нь биеийн жинд нь сөргөөр нөлөөлдөг байна.  Гэхдээ унтах хугацааны биеийн жинд үзүүлэх сөрөг нөлөө таргалах магадлал багатай хүмүүсийн хувьд харьцангуй бага бөгөөд эдгээр хүмүүс янз бүрээр унтах боломжтой юм” гэлээ.

Харин түүний хамтрагч доктор Карлос Селис “таргалах төлөвтэй хүмүүс хэвийн жингээ барьж байхын тулд амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй. Нойр бол хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй адилхан чухал хүчин зүйл болохыг бидний хийсэн судалгаа харууллаа” гэв.

Энэхүү судалгаа нь унтах зуршил болон таргалах төлөвтэй генийн харилцан хамаарлыг судалсан анхны судалгаа юм.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ