Гал тахиа жилийн анхны харваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-07 13:13:05

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай суманд “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн анхны сурын харваа боллоо.

Анх удаа хүйтний улиралд сурын харваа зохион байгуулсан бөгөөд хавар, намрын адаг сард нээлтийн болон отго харваа хийдэг уламжлалтай юм. Энэ жилийн анхны харвааг бооцоот хэлбэрээр цуваа харваагаар зохион байгуулж, онооны дарааллаар эхний 5 байр эзлүүлжээ. 
Залуу харваач О.Төмөр-очир түрүүлж, спортын мастер аймгийн мэргэн Г.Батсайхан, залуу харваач Ц.Шинэзул, Б.Баярцэцэг, спортын мастер аймгийн мэргэн Г.Мөнхдорж эхний байранд шалгарсан байна.

Үндэсний сурын спортын уламжлалыг хадгалан хөгжүүлж байгаа тус сумаас улсын мэргэн 1, хүндэт мэргэн 2, спортын мастер 6, дэд мастер 1, аймгийн мэргэн 17 төрсөн юм.

-Манай сумын үндэсний сурын холбоо жил бүр 10 гаруй харваа зохион байгуулдаг. Улсын мэргэн Жамбын нэрэмжит өсвөр үеийн сурчдын харвааг улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Хавар нээлтийн харваа хийгээд улс, аймгийн тэмцээнд орох сурчдаа шалгаруулдаг. Энэ жилийн хувьд хүйтний улиралд анх удаа сурын харваа зохион байгуулж үзлээ. Зарим харваачид хүйтний улиралд нум сумаа хайрлаад энэ удаа сум тавьсангүй гэж сумын үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Б.Цэнгэлмаа ярилаа.

Тус суманд “Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үндэсний сурын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Сум хөгжүүлэх сангаас иргэдэд 5,0 сая төгрөгийн зээл олгож сургалтын нум сум үйлдвэрлүүлэн борлуулж эхэлжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ