Австрийн цаначин Хиршер 6 дахь удаагаа дэлхийн цомын аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-06 11:49:57

ЛОНДОН./BBC/. Австрийн цаначин Марсель Хиршер цанын спортын дэлхийн цомыг 6 дахь удаагаа хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо. Словен улсын Краньска-Горе-д болсон уралдаанд түрүүлснээр Хиршер “Болор бөмбөрцөг”-ийг 6 дахь удаагаа хүртсэн байна.

Өмнөх дээд амжилтыг /дэлхийн цомын 5 удаагийн аварга/ өдгөө 28 настай Хиршер болон 1980-1990-ээд оны үеийн Люксембургийн тамирчин Марк Жирарделли нар хуваан эзэмшиж байжээ.

Словенид болсон уралдааны 2 дугаар байрт Норвегийн тамирчин Лейф Кристиан Хауген, гуравдугаарт Шведийн тамирчин Маттс Ольсон нар орсон байна.

Олон улсын цанын холбооны дүрмээр, бүх төрөлд хамгийн олон оноо авсан тамирчинд цомын аварга цолыг олгодог байна.

Одоогийн байдлаар Австрийн тамирчин 1375 оноотой байгаа нь хоёрдугаар байранд орсон 871 оноотой Норвегийн тамирчин Хьютил Янсрудаас хол тасархай түрүүлж байгаа юм.

Хиршер дэлхийн цомын тэмцээнд анх 2007 оны 3 дугаар сард 18 настайдаа оролцож байжээ.

Зальцбург хотын уугуул тэрбээр өвлийн хоёр Олимпт оролцсон байна.

Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдээс дэлхийн цомын аваргаар 6 удаа шалгарсан хүн бол Хиршерийн эх орон нэгт Аннемари Мозер-Прель юм.

О.Барс

.

Холбоотой мэдээ