“Nike” компани том биетэй эмэгтэйчүүдэд зориулан тусгай коллекц гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИННЬЮ-ЙОРК. /Independent/. Арабын хэд хэдэн оронд эмэгтэй тамирчдыг магтан алдаршуулсны дараахан буюу хэдхэн хоногийн өмнө “Nike” компани том размерын хувцас өмсдөг эмэгтэйчүүдэд зориулан спорт загварын хувцаснуудыг шинээр гаргажээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтоо сайшаан мэдээлж буй энэхүү санаачилга нь спортын ертөнц хэн нэгэн хүнд харьяалагддаггүй бөгөөд та спортоор хичээллэх явцдаа заавал ямар нэг тогтсон байдлаар харагдах албагүй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна.
Янз бүрийн хэлбэр галбир, биеийн хэмжээтэй эмэгтэйчүүдэд хөлсөө гартал спортоор хичээллэхэд нь таатай байх боломжийг олгож буй “Nike” компани нь "английн 14"-өөс том размерын спорт хувцсыг санал болгож буй цөөн хэдэн компаниудын нэг юм.
Тус компани энэ талаар тайлбарлахдаа “Тамирчны нэрийн өмнө “эмэгтэй” гэж тодотгодог байсан цаг үе өнгөрсөн байна. Үндэс угсаанаас биеийн галбир руу гэсэн энэхүү соёлын өөрчлөлт шилжилтийг дэмжин, эдгээр тамирчдыг магтан алдаршуулж байгаа юм” гэжээ.
“Mashable” компанийн мэдээлснээр, дээрх коллекц нь XL-ээс XXXL хүртэл бүх размерын шорт, футболк, резинен өмд зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа аж. Түүнээс гадна, хөхний даруулга гэхэд 38E хүртэлх размертай байх гэнэ. Наоми Шимада, Палома Элсессер зэрэг загвар өмсөгчид сурталчилгаанд оролцож ажиллаж байгаа бөгөөд борлуулалт ихтэй байна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Х.Сарнай