Нийслэлийг зорих тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-03-01 18:05:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн.

Бүх нийтийн амралт дуусч маргаашнаас ажлын өдрүүд эхлэх гэж байгаа тул орон нутгаас нийслэл хотыг зорьж буй жолооч нар амжиж ирэхийн тулд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих зэрэг зөрчлийг гаргаж болзошгүй тул  иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Амрахгүйгээр удаан явах, 12 цаг буюу түүнээс дээш хугацаагаар өдөр бүр ажиллах нь хэт ядаргааны шалтгаан болдог. Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд "...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх"-ийг хориглосон байдаг.

Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед нэг цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй гэдгийг сануулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ