Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өвөлжилт хүндэрч 5000 гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-02-24 14:02:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн 18 сум зудтай байна. Ялангуяа төвөөс алслагдсан Цэцэрлэг сумын хэмжээнд цас их орж мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Малын хөл халцарч, бэлчээртээ хүрэх боломжгүй, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийг дууссан учраас хонь бие биенийхээ ноосыг зулгаан идэж хотондоо үхэж байна. 

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хэмжээнд 30-аас дээш см цасан бүрхүүл тогтож мал бэлчээрлэх боломжгүй болж малын хорогдол  5000 гаруйд хүрээд байна. Тус сум нь  аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан хамгийн баруун талын сум бөгөөд баруун талаараа Завхан аймгийн Тэлмэн, Асгат, Баян тэс сумтай, хойд талаараа Оросын холбооны улстай хиллэдэг далайн түвшнээс 1800 метрт өргөгдсөн Сибирийн уур амьсгалтай эрс тэс хүйтэн өвлийн улиралд 37-45 градусын хүйтэн нутаг юм. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар талдаа 25-45 см, гуу жалгандаа 60-аас метр 40 гаруй цасан бүрхүүлтэй, цасны хөрийн зузаан, хөрсөн дээр мөстсөн цас 3-5 см, цасны нягтаршил 0,18-20 см куб байгаа учраас мал бэлчээрлэх боломжгүй болж хорогдол нэмэгдсээр байгаа ажээ.

700 малтай айл 200 малтай үлджээ

Цэцэрлэг суманд цас их орсны улмаас малын хорогдол нэмэгдсээр байна. Тухайлбал Цэцэрлэг сумын 4-р баг болох Уранхайрхан багийн Халзаны хөх толгойд өвөлжиж байгаа Д.Ёндонгийнх 700 гаруй бог малтай байсан боловч мал нь хорогдсоор 200 гаруй мал үлдсэн байна. Тус газарт цасны зузаан 1 метр гаруй байгаа учраас автомашин болон техник очих боломжгүй малчид өөрийн бэлтгэсэн өвс тэжээлийг бүрэн дууссан байна. Цас их байгаан улмаас бэлчээртээ хүрч чадахгүй хотондоо байгаа малнууд бие биенийхээ үсийг зулгаан иддэг болжээ.

Малын хөл халцарч явах боломжгүй болжээ

Цэцэрлэг сумын нутагт өнгөрсөн оны 10 сард орсон цас хайлаад мөсөн бүрхүүл тогтож дээр нь дахин цас орж хөрөлсөн тул 3-5 см-ын мөсөн бүрхүүл тогтож бэлчээрт гарсан бог малын хөл халцарч,  явах боломжгүй болж байна.

 

Цэцэрлэг сумын 3-р баг буюу Рэнчинжугнай багийн малчин С.Чинбаттай уулзахад, “ Малчид урьд жилүүдээс ахиу хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэсэн тулдаа өнөөдрийг хүргэлээ. Сумын нөөцийг ч дуусгасан. Сүүлийн өдрүүдэд хорогдол эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жилийн төл буюу борлон болон төлөгнүүдийн 90 орчим хувь нь хорогдсон. 2000 оны зуд гэж олон хүмүүс ярьдаг. Энэ жил тэрнээс илүү байна. Манайх гэхэд 100 гаруй бог малаа хорогдуулсан. Одоо бэлчээрт гараад ч өвс байхгүй, бэлчээрт гарах ч тэнхэлгүй мал хотондоо үхэж байна. Цэцэрлэг сумын нутагт 5 сар гарч байж цас хайлдаг учраас цаг яагаа ч үгүй байна. Малдаа өгөх өвс тэжээл ч үгүй малаа хотондоо бие биенийхээ үсийг зулгааж идээд хорогдож буй малчин хүний сэтгэл санаа хүнд байна. Одоо л бидэнд төр засгийн анхаарал халамж хэрэгтэй байна. Сайхан сэтгэл ард түмэн минь байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөстөж буй Цэцэрлэг сумын иргэддээ туслахыг хүсч байна” гэдгийг хэлж байлаа.

 

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум нь 1401 айл өрхтэй, 4803 хүн амтай 1026 малчин өрхтэй ба өнгөрсөн оны эцсээр 273000 толгой мал тоолуулжээ. Гадны аймаг суманд 25 өрхийн 16000 орчим мал оторлож байгаа гэнэ. Цэцэрлэг сумын нэг болон гурав, дөрөвдүгээр багт цас их орсон тул малчин өрхийн очиж уулзах боломжгүй болжээ. Урьдчилсан байдлаар 5000 гаруй мал хорогдоод байгаа гэсэн дүн мэдээг гаргасан бөгөөд хорогдлын тоо улам нэмэгдэж байгаа тул малчин иргэддээ онцгой анхааран ажиллаж байна. Цаашид аймаг болон Улсын Онцгой комисст ч хандаж тусламж дэмжлэг хүснэ гэдгийг Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогт хэлж байлаа.

 Б.Гантуяа

Холбоотой мэдээ