“Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-23 19:11:13

Монголын хүүхдийн оюун санааны үндэс, үгийн урлагийн эрдэнэсийн санг бий болгох зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан үлгэр зохиох уралдаанд шалгарсан үлгэрүүдийг эмхэтгэн бүтээсэн “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Энэхүү ном бүтээх санаачилгыг Төрийн соёрхолт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гаргасныг Ерөнхийлөгч дэмжиж шинэ цагийн энэхүү үлгэрийн цоморлиг бүтсэн байна.

Тодруулбал уг уралдаанд 9-90 насны 70 орчим хүн оролцож, 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл ажиллаж, 21 хүний бүтээлийг нэгтгэн “Чингисийн билиг сургаалт үлгэр” хэмээн ном болгон бяцхан уншигчдын гар дээр тавьж байгаа нь энэ аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд бид удахгүй цагаан сарын шинийн нэгнээ угтан золгож, төрт ёсны сайхан уламжлал, нүдэлчдийн тээж ирсэн энэ сайхан баяраа тэмдэглэх гэж байна. Энэ сайхан баярын босгон дээр Их эзэн Чингис хааны сургаалын дор бүтээгдсэн үлгэрийн цомгийг нээж байгаадаа туйлын баяртай байна" хэмээн онцолсоны зэрэгцээ "Ерөнхийлөгчийн Тамгын газраас үлгэр тууль хийгээд ер нь биет болон биет бус соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлөх, өвлүүлэх, сурвалжлах, сурталчлахад ихээхэн анхаарч ирсэн. Энэ ажлын нэг жишээ нь Монголын хүүхдийн оюун санааны үндэс болохуйц, үгийн урлагийн эрдэнэсийн сан бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Чингисийн билиг” сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдээр туурвисан “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлтийг хийж байгаа явдал юм" гэлээ.

Үүний дараа уралдаанд оролцсон зохиогчид, шалгарсан шилдэг бүтээлийн зохиогчдод Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар гардуулан өгөв.

Тус номыг уншаад зогсохгүй орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг утастай хослуулан ашиглахаар бүтээжээ.

Тухайлбал, хүүхдүүд ухаалаг утсыг номтойгоо хослуулан номынхоо нүүр хавтсан дээр 3D байдлаар монгол гэрийг барих аргачлалыг сурах юм. Мөн арын хавтсан дээрээс “Чоно ба долоон ишиг” хүүхэлдэйн жүжгийг бүрэн эхээр нь видео хэлбэрээр үзэх боломжтой. Бичиг үсэг хараахан сураагүй байгаа балчир хүүхдүүд гар утсаа ном руугаа чиглүүлэн үлгэрийн аудио хэлбэрийг сонсох боломжтой. Арын хуудсан дээр үлгэрийн баатруудаа будаж болох юм.  

Б.Туул

Холбоотой мэдээ