ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.Чуркин таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-21 09:14:01

НЬЮ-ЙОРК./TASS/. ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин таалал төгсчээ.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний мягмар гарагт 65 нас хүрэх байсан тэрбээр өчигдөр Нью-Йорк хотод ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барлаа гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ.

Ахмад дипломатчийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

2006 оноос хойш ОХУ-ыг НҮБ-д төлөөлж байсан ноён В.Чуркин бол Оросын гадаад бодлогыг тууштай хамгаалагч бөгөөд нэр хүндтэй нэгэн байлаа.

Авьяаслаг дипломатч таалал төгссөнд ихэд эмгэнэн гашуудаж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийллээ. Мөн ОХУ-ын ГХЯ гарамгай дипломатчийн дурсгалыг хүндэтгэлээ.

Санал нийлдэггүй байсан хэдий ч түүнийг хүндэтгэдэг байсан “өрсөлдөгчид” нь болох дэлхийн олон улс орны төлөөлөгчид түүний дурсгалыг хүндэтгэж байна. Тухайлбал, Их Британиас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Мэтью Рикрофт твиттер хуудсандаа “чадварлаг дипломатч, гайхамшигтай зан чанартай эрхэм таалал төгссөн болохыг сонсоод ихэд цочирдлоо” гэж бичжээ. Францаас НҮБ-д сууж байсан Байнгын төлөөлөгч Жерар Аро түүнийг “чанга хатуу бөгөөд хөгжилтэй нэгэн байсан” гэж дурсан ярьсан байна.

АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли хэлэхдээ “В.Чуркин бол нигүүлсэнгүй хамтрагч байсан. Бид бүх юман дээр санал нэг байгаагүй боловч тэрбээр улс орныхоо байр суурийг өөрийн авьяас чадварыг ашиглан бусдад ойлгуулж чаддаг байсан” гэжээ.

1952 онд Москва хотноо мэндэлсэн В.Чуркин НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Канад, Бельгид Элчин сайдаар, 1990-ээд оны эхээр хуучин Югославтай яриа хэлэлцээ хийх тусгай төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ