Зеланди найм дахь тив мөн үү?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-20 15:11:57

ВЕЛЛИНГТОН. /BBC/. Номхон далайн баруун өмнөд хэсгийн усан дор орших "шинэ тив"-ийг "Зеланди" хэмээн нэрлэжээ. Бидний сайн мэдэх Шинэ Зеланд улс бол энэ тивийн усны гадарга дээр орших нэгэн хэсэг аж.

Эрдэмтэд тус газрыг тив хэмээн нэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Америкийн газар зүйн нийгэмлэгийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар, Зеланди тив нь Австралийн газар нутгийн гуравны хоёртой тэнцэхүйц хэмжээний буюу 5 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамран оршиж байна.  Тус тивийн 94 хувь нь усан дор байгаа бол  гурван томоохон хуурай газар, тодруулбал Шинэ Зеландын Өмнөд ба Хойд арлууд болон Шинэ Каледони л усны гадаргаас дээш оршиж байна гэж судлаачид хэлэв.

Усны гадаргаас дээш байрлах газар л тивд тооцогддоггүй аж. Эргэн тойрны талбайгаас өндөрт байрлах, геологийн онцгой бүтэцтэй байх, хил хязгаар нь тодорхой байх, далайн ёроолынхоос илүү зузаан хөрстэй байх зэрэг эрдэмтдийн тогтоосон шалгуурыг Зеланди хангаж байгаа учир үүнийг "тив" гэж нэрлэх учиртай гэж судалгааны тайланд бичжээ.

Судалгааны ажлыг удирдсан Шинэ Зеладын геологич Ник Мортимерын хэлснээр, судлаачид 20 гаруй жилийн хугацаанд судалгаа хийсний эцэст "Зеланди бол тив" гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Дэлхий бөмбөрцгийн хуурай газрыг Ази, Африк, Умард Америк, Өмнөд Америк, Антарктид, Европ болон Австрали гэсэн  долоон тивд хуваадаг билээ. 

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ