Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй дарга нарт хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-14 18:23:41

Завханы аймгийн төрийн байгууллагуудын 40 орчим хувь нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг дутуу хагас хангаж зарим нэг мэдээллийг бүрэн дүүрэн мэдээлдэггүй хаагдмал хэмжээнд байна хэмээн аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Тиймээс аймгийн Засаг дарга болон аймгийн ЗДТГ-аас компанит ажил өрнүүлэн аймгийн төрийн байгууллагуудад 2017 онд Шилэн дансны тухай хуулийг бүрэн дүүрэн хангаж ажиллах үүргийг аймгийн удирдлагуудын ээлжит хурлын үеэр өглөө. Шилэн дансны тухай хуулиар төсөвт байгууллагууд 18 төрлийн мэдээллийг хавсралтын дагуу Шилэн дансанд оруулж олон нийтэд ил тод болгох ёстой. Хугацаа хоцорсон ч мэдээллийг заавал байршуулах хэрэгтэй болж байна. Түүнчлэн энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй албан байгууллагын дарга, нягтлан бодогч нар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэлх хариуцлага хүлээнэ гэдгийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ. 

Цаашид 2017 онд шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, Санхүү төрийн сангийн хэлтэст мэдээллээ оруулаагүй хууль зөрчиж байгаа албан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт авах арга хэмжээний төслийг боловсруулж, нэгдсэн байдлаар хариуцлага тооцож ажиллахыг Хууль зүйн хэлтэс үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагууд муу зардлаа бууруулах ажлын төлөвлөгөө, хөдөлмөрийн дотоод журмын шинэчилсэн төсөл, сумдад ажиллах төлөвлөгөөг бүх албан байгууллага аймгийн ЗДТГ-т ирүүлэх хугацааг дуусгавар болгож нэгдсэн төлөвлөгөөг батлах ажил хийгдэж байна.

Түүнчлэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг аймгийн ЗДТГ, Монгол банкны Завхан салбар, МУИС-ийн Завхан сургууль хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд энэ үйл ажиллагаанд байгууллага бүр санаачилгатай оролцохыг уриаллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ