Язгууртан хатны булш ховор үзмэрийн нэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-14 13:40:02

Манай улсын зүүн өмнөд хилийн манаа болсон Дорноговь аймаг Монголын өв соёл, зан заншил, түүхэн дурсгалт газрууд хийгээд археологийн үнэт олдвор, сонин содон үзмэрүүдээр баялаг.

Тус аймгийн Музей, сургалт, судалгааны төвд Даланжаргалан сумын Ихнартын бургастай амнаас олдсон 13 дугаар зууны үеийн язгууртан хатны хатмал шарил,  шарилыг тойрсон эд өлгийн зүйлс, уран гоёмсог  хийцтэй дээл  жуулчин, зочин гийчдийн сонирхлыг татсан ховор үзмэр болжээ.

Монголын дундад эртний нүүдэлчдийн бурхан болоочоо оршуулж байсан зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр бол хадна хөмөг, агуйн оршуулга аж. Монгол орны хангай, говийн уул хадтай аль ч нутагт  археологийн ийм төрлийн оршуулга цөөнгүй тохиолддог байна.

Хадны болон агуйн оршуулга нь газрын хөрс доор булшны нүх ухаж амар болоочийн шарилыг булшлах бус байгалийн бэлэн агуй, хонгил, хөмөг ашиглан чулуу, шороогоор далдалж  нөгчигсдийн шарилыг оршоодог буй.

Байрлалын хувьд ихэвчлэн уулын дунд болон оройн хэсэгт холын бараа сайн үзэгдэх дэвсэг дээрх хадны хөмөг бараадуулж тавьдаг аж.

Бургастайн амны хадны оршуулга нь харьцангуй сайн хадгалагдсан эд өлгийн зүйл, ялангуяа эртний монгол эмэгтэйчүүд эхнэр болохдоо өмсдөг байсан богтаг хэмээх малгайн хэсэг, талийгаачийн толгой дээр эвхэн дэрлүүлсэн язгууртан хатагтайн ягаан хоргой дээл, ургамлын дүрст хээтэй, уужим ханцуйтай сайтар боловсруулсан арьсан дээл, сүлжмэл тэлээтэй арьсан өмд, арьсан гутал гэх мэт өмсгөл нь урьд манай улс болон хөрш, зэргэлдээ орны нутгуудаас бүрэн бүтэн олдож байгаагүй бөгөөд богтаг малгай,  хүрэл толь түүн дээрх дүрс, бусад дээл гутал, сам зэргийг харьцуулан үзэхэд XII-XIV зууны үетэй холбож буйг археологичид тодорхойлсон байна.

Авсыг хийхдээ том модыг цавчих, хөрөөдөх, харуулдах зэргээр хавтгай банз болгон боловсруулж  нарийн сураар холбож  үдсэн байх бөгөөд доод ёроолд хөндлөн дай модыг заадал, углуурга гарган  бэхлэж, гэрийн хананы мод мэт бургасыг шахаж хийдэг байж.

Авсны гадуур ширээр бүтэн ширлэж үдсэн байсан нь хожим дээд хэсгээрээ урагдсан аж. Монгол орны археологийн олдворууд дотор авсыг гадуур нь ширээр ширлэж оршуулсан тохиолдол бараг үгүй бөгөөд ширлэхдээ хэрэглэсэн модон иштэй төмөр хутгыг авсны ширэнд тогтоож орхисон байжээ.

Газрын хөрсөнд найман зуу гаруй жилийн турш байсан ч талийгаачийн биеийн ерөнхий бүтэц алдагдаагүй, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс нь хуучирсан ч үнэ цэнээ алдаагүй байгаа нь  энэхүү олдворыг  цаашид хадгалж хамгаалах, судалж мэдэх, үүх түүхээ таних,  сум орон нутгаа  сурталчлахад ашиглах нь нэн түрүүний зорилт болжээ. 

Х.Эрдэнэбулган     

Холбоотой мэдээ