“Номтой цэнгүүн”- д иргэд ном өвөртлөн ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-13 20:08:17

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Соёлын төв “Номтой цэнгүүн” үдэшлэгт иргэдээ урьдаг байна. Иргэд мөнгө биш ном өвөртлөн үдэшлэгт ирнэ. Ном нь нэг ёсондоо үдэшлэгийн тасалбар болдог ч сумын номын санг баяжуулахад хувь нэмэртэй сайн арга болж чаддагийг номын санч сонирхуулсан юм.

Сумын номын санд ном худалдан авахад зориулан бүтэн жилд 66 мянган төгрөг ногддог байна. Энэ бол номын сангаа баяжуулахад хаа ч хүрэхгүй төсөв учраас өөр арга эрэлхийлдэгийн нэг нь “Номтой цэнгүүн” үдэшлэг гэсэн юм. Мөн “Аяны богц” бэлдэж албан байгууллага, айл өрхүүдээр аялуулдаг байна. Богцонд 10 ном хийнэ. Богц хүлээн авсан иргэн сонирхсон номоо уншчихаад ном нэмж хийгээд явуулдаг байна. Энэ мэтээр  иргэдийн бэлэглэсэн номыг бүртгэн авч, сан хөмрөгөө баяжуулдаг гэж номын санч Д. Мөнхтуяа ярилаа.

Өнгөрсөн жил “Номтой цэнгүүн”- ээр цугларсан номыг ач холбогдлоор нь ангилаад номын санд байвал зохих номуудыг ялгахад 100 гаруй ном болсон байна. Харин төсвийн 66 мянган төгрөгөөрөө үлгэрийн 5 ном, үргэлжилсэн үгийн 2 зохиол худалдан авсан гэлээ.

Д. Мөнхтуяа номын санчаар 9 жил ажиллаж байгаа. Анх 920 мянган төгрөгөөр ном худалдан авч номын санг үүсгэж байсан бөгөөд жил жилд ном авах төсөв багассаар 66 мянган төгрөг болжээ.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ