Японд дарсны цахим шошго бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-10 15:09:13

ТОКИО. /TASS/. Японы "Toppan Printing" компани дарсны лонхны тусгай цахим шошго бүтээсэн ба энэ бүтээл нь үнэтэй дарс гэдэг нэрийн дор хуурамч дарс борлуулдаг явдалтай тэмцэхэд тус дөхөм болох юм. 

Уг шинэ бүтээлийг Бургундийн дарс үйлдвэрлэгч нэгэн компани хэдийн ашиглаад эхэлжээ.

Энэхүү шошго нь дэлгэмэл нимгэн бичил схем бөгөөд түүнийг дарсны лонхны хоолойд наахдаа, луйварчид лонхны бөглөөг онгойлгон үнэтэй дарсны оронд хямд дарс шахаж дүүргээд, буцаан бөглөж чадахааргүйгээр тогтоодог байна. Ингэж шошгоор хамгаалагдсан бөглөөг анзаарагдахгүйгээр зүүгээр цоолох боломжгүй ажээ.

Түүнээс гадна, худалдан авагчид дуртай үедээ шошгон дээрх тусгай кодыг нь сканердан уншуулснаар тухайн дарсны талаарх мэдээллийг авах боломжтой. Хэрвээ лонхны бөглөөг онгойлгосон эсвэл бөглөөнд нь зүүний нүх гарсан бол ухаалаг утасны аппликэйшн дээр энэ нь гарах аж.

Шинэ технологийг бүтээгчдийн үзэж байгаагаар, энэ шинэ бүтээл нь брэндийнхээ нэр хүндийг хамгаалахаар оролдож буй дарс үйлдвэрлэгчдэд тун их хэрэгтэй юм. Чухамхүү брэндийн үнэтэй дарснууд нь хуурамч бараа үйлдвэрлэгчдийн бай болдог билээ.

300 мянган ширхэг шошгоос бүрдэх иж бүрдлийг захиалсан тохиолдолд ширхэгийн үнэ нь 90 иен /0,79 орчим ам.доллар/ болох ажээ.

2018 он гэхэд "Toppan Printing" компани инновацийн энэ бүтээгдэхүүнээ эхний ээлжинд гадаадын 50 компанид борлуулахаар төлөвлөж байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ