Ханги-Мандалын боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:01:49

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хөрөнгө оруулалтын газар, МХАҮТ, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран аравдугаар сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

2014 оны наймдугаар сард  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс- БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хэлэлцсэн асуудлын хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулах аж. Тус арга хэмжээ  дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, уул уурхай, аялал жуучлал, жижиг дунд үйлдвэрлэл, хил дамнасан цахим худалдаа, ӨМӨЗО-Хонконгийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум болох бол дараагийн хэсэгт дээд хэмжээний уулзалт, дэд бүтцийн хамтын ажиллагааны уулзалт зэрэг долоон бүлэг асуудал, гуравдугаарт бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, дөрөвдүгээрт соёлын солилцооны арга хэмжээ болох юм.

Харин  хоёр улсын “Экспо” арга хэмжээний үеэр Монгол-Хятадын хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хийх уулзалтад Дорноговь аймгаас хэд хэдэн саналыг тусгуулахаар Аж үйлдвэрийн яаманд хүсэлт гаргасан байна. Нэгдүгээрт, Ханги-Мандал боомтоос Сайншанд хот хүртэлх  300 км хатуу хучилттай авто зам барих ажлыг Хятадын талаас концессын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх, хил орчмын  аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятадын талын жуулчдыг Эрээнээс Замын-Үүд-Сайншанд  хүртэл, Ханги-Мандал боомтоос Хатанбулаг сум, Сайншанд хот хүртэл Хятадын өдрийн жуулчныг таваас долоон өдрөөр аялуулах, байнгын ажиллагаатай Ханги-Мандал боомт нээгдсэнээр Монголын талаас стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн хилээс экспортлох саналыг оруулжээ.

Монголын талын  Ажлын хэсгийн даргаар Аж үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, дэд ажлын хэсэгт  Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд спортын яамны ажил хариуцсан хүмүүс ажиллаж буй  бол  Хятадын талаас зохион байгуулах Хорооны дарга БНХАУ-ын худалдааны яамны сайд Гао Хучен, ӨМӨЗО-ны дарга Баатар, дэд дарга БНХАУ-ын Худалдааны дэд сайд Гао Янь, ӨМӨЗО-ны дэд дарга Юн Гуанжун зэрэг албаны хүмүүс ажиллаж байгаа юм. Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат бусад албаны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцох бол Дорноговь аймгаас Засаг дарга П.Ганхуяг бизнес эрхлэгчдийн хамт  оролцох юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ