Төмөр зам болон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 17:28:29

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар, Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулжээ. Мөн Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Зээлийн хүү жилийн 1,75 хувь бөгөөд хугацаа 20 жил байх юм хэмээн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хэлэлцэж дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбондуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, А.Ундраа, Н.Оюундарь нар зээлийн хөрөнгөөр ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тодруулав. Зээлийн хөрөнгөөр төмөр зам байгуулах, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхээр Энэтхэгийн талтай тохиролцсан хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүпийн 90 хувь дэмжсэнээр Засгийн газарт Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ