“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд хийсэн шалгалтын дүгнэлтийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 15:32:09

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч түр хойшлуулав.

Ажлын хэсгээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монгол зэс"-д худалдсан нь Төрийн өмчийн тухай, Олон улсын гэрээний тухай зэрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, төрийн эзэмшилд авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Уг асуудалтай холбогдуулан “Монгол зэс” корпораци Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлэх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсэн. Энэ дагуу өнөөдөр байнгын хороо хуралдахаар товлосон ч “Монгол зэс”-ийн төлөөлөл орон нутагт томилолтой байсан тул ирж амжсангүй. Тиймээс уг асуудлыг маргааш буюу энэ сарын 10-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Уг асуудлын дараа Дотоодын цэргийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн хуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ